- 3681
Төсөлд суурилсан менежментийн шилдэг технологи
Би өнөөдөр та бүгдтэй Голомт банкинд амжилттай хэрэгжүүлсэн, монголын бүх компаниуд, мөн төрийн байгууллагууд авч хэрэгжүүлэх боломжтой менежментийн туршлагын талаар хуваалцая.
Компанийн хэлтэс, газар, нэгжийн захирлын өмнө Яаралтай, Чухал гэсэн хоёр өөр төрлийн ажил байдаг.
Яаралтай ажил бол өдөр тутмын “галыг” унтраах тухай юм. Харин Чухал ажил бол галд тэсвэртэй материал туршиж нэвтрүүлэх, галын эсрэг систем бий болгох тухай юм. Галтай байлдсаар насыг барах уу, эсвэл үүнийхээ хажуугаар гал гарахгүй нөхцлийг бүрдүүлэх арга замыг хайх уу.
Жишээлбэл санхүүгийн хэлтсийн хувьд өдөр тутмын бүртгэл хийх, баримт материал шалгах, тайлан тооцоо гаргах нь Яаралтай ажлууд юм. Харин бүртгэлийн орчин үеийн систем судлаж нэвтрүүлэх нь Чухал ажил болно. Үүнтэй адилаар уул уурхайн компанид техник хэрэгсэл эвдрэх, хангамжийн материал татах, ажилтнуудын хүнсний асуудлыг зохицуулах нь Яаралтай ажлууд байдаг. Харин дата майнинг дээр суурилсан оновчлолын систем нэвтрүүлж уурхайн өртөг зардлыг бууруулах нь Чухал ажил болно.
Нэгжийн захирлын өмнө Яаралтай ажлаа дуусгах уу, эсвэл Чухал ажлаа барьж авах уу гэсэн ярвигтай сонголт тулгардаг. Гал гарах нь хэзээ ч тасрахгүй. Хэрэв галын эсрэг найдвартай систем бий болгохгүй л бол гал гарах давтамж улам л ихсэх нь гарцаагүй.
Ар араасаа тасралтгүй ундран орж ирэх Яаралтай ажлуудаа шийдэхийн хажуугаар, Чухал ажлуудад анхаарал хандуулна гэдэг амар зүйл биш гэдэг нь одоо харагдаж байгаа байх.
Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Компаниуд жил бүр төлөвлөгөөгөө батладаг. Компанийн газар, нэгжүүд хийх ажлуудаа жагсааж, тэрийг нь санхүү-төлөвлөлтийн нэгж нь нэгтгэж гүйцэтгэх захиралдаа хүргэдэг. Эцэст нь гүйцэтгэх захирал төлөөлөн удирдах зөвлөлдөө танилцуулж батлуулснаар компаниудын хийх ажил тодорхой болдог. Тухайн нэгж жилд 100 ажил хийнэ гэж төлөвлөсөн бол тэдгээрээс ойролцоогоор 3-5 нь л чухал ажлууд байдаг. Үлдсэн нь яаралтай ажлууд гэсэн үг.
Ихэнх компаниуд жилийн эцэст төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэдэг. Ингээд нэгжийн захирал 95 хувийн гүйцэтгэлтэй үнэлүүлж шагнал авах тухай асуудал яригддаг. Хэрэв гүйцэтгэх захирал сайн өнгийж харвал яг нөгөө чухал 5 ажил орхигдоод, яалт ч үгүй хийх байсан 95 ажил хийгдсэнээр үнэлгээ 95 хувьтай гарсныг амархан мэдэж болно.
Энэ бол монголын төдийгүй дэлхийн дийлэнх компаниудад учраад байгаа төлөвлөлт, хэмжилтийн бэрхшээл юм. Нэгжийн захирлын хувьд маш их хүч шаардсан, эцэст нь гавъяа шагнал нь тодорхойгүй Чухал ажлаа барьж авах уу, эсвэл юу юугүй дүрэлзэн асч байгаа Яаралтай ажлуудаа нугалах уу гэдэг асуулт байнга гарч ирнэ. Эцсийн дүндээ компанийн ирээдүй, хувь заяа буюу том зургийг нэг нэгжийн захирал төдийлэн харж мэдэхгүй ч байж бас болно.
Голомт банкинд яг энэ асуудал тулгарч, бид яаж үүнийг шийдэх вэ гэж толгойгоо гашилгасан юм. Зээлийн скоринг, орон сууцны үнэлгээний систем, мэдээллийн технологийн орчин үеийн шийдлүүд, финтек, бүтээгдэхүүн хөгжлийн модел, дижитал борлуулалт, сэтгэл зүйд суурилсан хүний нөөцийн систем зэрэг маш олон Чухал ажлууд олон жил яригдсаар, хэрэгжихгүй ужгирсаар байв. Бүүр 15 жилийн турш яригдаад хийгдээгүй ажлууд ч байлаа. Захирлууд гал унтраагаад завгүй. Галд тэсвэртэй материалын судлагаа, хөгжүүлэлт харин таг.
Энэ үед бид монголд анх удаа Төсөлд суурилсан менежментийг нэвтрүүлэх оролдлого хийсэн маань амжилттай болсон билээ. Төсөл гэхээр бид уул уурхайн төсөл, барилгын төсөл, бизнес төсөл гэхчилэн мэднэ. Харин төсөлд суурилсан менежментийн талаар би одоо тайлбарлая.
Бид уламжлалт төлөвлөлтийн системээ сайжруулахын хажуугаар зэрэгцүүлж төсөлд суурилсан төлөвлөлтийн шинэ систем оруулж ирсэн юм. Ингэснээр төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн хувьд бид гибрид буюу хосолмол хөдөлгүүртэй байгууллага болж хувирсан.
Бид банкны ирээдүй, хувь заяатай холбоотой Чухал ажлуудыг тодорхойлж, жил бүр 10 чухал ажлыг төсөл болгон зарлаж эхэлсэн юм.
Эдгээр 10 төслийг яг л барилга эсвэл уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлж байгаа мэтээр авч үзэж, гүйцэтгэх захирлын шууд удирдлаганд байх Төслийн удирдлагын нэгж арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажилладаг болсон юм.
Ингэснээр банк дахиж чухал ажлуудаа яаралтай ажлуудад булуулж, орхигдуулах асуудлаас бүр мөсөн ангижирсан. Бид богинохон хугацаанд менежмент, технологийн олон үзүүлэлтээр өрсөлдөгч нараасаа хэдэн жилийн урд гишгэж чадсан юм. Одоо Голомт банкны нүүр царай болж байгаа олон бүтээгдэхүүн, үйлчилгээ энэхүү Төсөлд Суурилсан Менежментийн үр дүн билээ.
Энэ туршлагыг мэдээж ямар ч төрлийн байгууллага хэрэгжүүлэх боломжтой. Нэмж хэлэхэд төсөл бүрт тусгай шагналын сан байгуулж, шудрага урамшууллын тогтолцоо бий болгох нь туйлын үр дүнтэй гэдэг нь харагдсан. Мөн төслүүдэд захирлууд болон ажилтнуудын оролцох боломжыг тэгш хангаж, өөрсдөө төсөл санаачлах эрхийг нь нээж өгснөөр компанид бүтээлч уур амьсгал бүрдүүлэх давуу талтай юм билээ.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг