- 1443
Perfectionist, imperfectionist
Та захирал болохын хувьд компанидаа ажиллаж буй хүмүүсийг 2 ангилж болно. Төгс бүтээлд итгэгч (perfectionist) болон үл итгэгч (imperfectionist) нар гэж.
Стив Жобс төгс бүтээлд итгэгч байв. Дэлхийг өөрчилсөн iPhone утасныхаа загварыг төгс болгохын тулд өвөртлөж унтдаг байв. Apple дэлгүүрийнхээ загварыг хоосон агуулахад хийж, түүндээ 6 сарын турш өдөр бүр очиж, булан тохой бүрийг нь сайжруулж төгсрүүлж байлаа. 2006 оны 5 сарын 19-ний өдөр Нью Йоркийн хамгийн үнэтэй fashion гудамжинд компьютерийн дэлгүүр нээхэд хүн бүр шахуу түүнийг галзуу гэж байсан боловч Apple дэлгүүр нээгдсэн эхний сардаа дэлхийн жижиглэнгийн худалдааны рекордыг эвдсэн билээ. Стив Жобс архитектур хүн биш боловч энэ дэлгүүр нь хэд хэдэн архитектур шийдлийн шагнал авсан билээ.
Агуу зураач болон энгийн зураач хоёрыг ч гэсэн энэ л итгэл үнэмшил зааглаж байдаг. Төгс бүтээл байх боломжтой эсвэл боломжгүй.
Хамгийн гол нь үл итгэгч нарын хувьд алдаа урдаас төлөвлөгдсөн, мөн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг учир туйлын хортой байдаг. Танай ажилтан 10 өндөг шарахдаа хоёрыг нь газар унагаж хагалхыгаа хэвийн үзэгдэл гэж бодож байгаа бол тэр үл итгэгч юм. Тэр хүний хувьд газар унасан 2 өндөг урдаас төлөвлөгдсөн, хэвийн үзэгдэл юм. Үүнд тэрээр огтхон ч цочихгүй, тоохгүй. Хэрэв шүүмжлэх юм бол гайхна. Уурлана.
Харин төгс бүтээлд итгэгч ажилтан 2 өндөг хагалсныгаа хэрхэвч уучилж чадахгүй. Дараагийн удаа яаж 10 өндөгөө бүрэн шарах вэ гэж бодно. Толгойгоо ажиллуулна. Сайжирна. Хөгжинө.
Үл итгэгч нарын хувьд хүүхэд наснаас, эсвэл компанийн соёлоор дамжиж алдаа бол байх л асуудал, хэвийн зүйл, төгс зүйл гэж байх боломжгүй гэж толгойд нь суусан байдаг. Түүнээс биш энэ нь төрөлхийн эсвэл удамшлын асуудал биш юмаа.
Танай компанийн соёл аль нь вэ? Танай компани төгс зүйл байх боломжтой гэдэгт итгэж, хийж буй бүтээгдэхүүн үйлчилгээ бүрээ төгсрүүлэх гэж чармайдаг уу. Эсвэл алдаа танай хувьд урдаас төлөвлөгдсөн, хэвийн зүйл байдаг уу.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг