• 7644

Цагийн мэдрэмж

Бизнес хийхэд хамгийн чухал асуудал бол БҮТЭЭМЖ гэдэгтэй санал нийлэх байх. Өрсөлдөгч чинь цагт 100 хадаас хийж байхад, танай цех ердөө 80 хадаас хийж байвал ялагдана.

Ажилтнуудынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал нь менежер бүрийн толгойны өвчин. Тодорхой хугацаанд менежментэд ажилласны дараа БҮТЭЭМЖ өөрөө ур чадвар, мэдлэг, боловсрол гэхээсээ илүү Сэтгэл зүйн асуудал юм шиг санагдах нь бий.

Жишээлбэл, хэрэв танай ажилтан цагт 100 хадаас хийж чадна гэдэгтээ ИТГЭХГҮЙ байвал, ямар ч өндөр ур чадвартай байгаад хийж чадахгүй л гэсэн үг.

Хүний тархинд ЦАГ ХУГАЦААГ төсөөлөх, мэдрэх үүрэгтэй хэсэг байдаг. Цаг хугацааг хүн хэрхэн мэдэрч байгааг сэтгэл зүйн болон нейро шинжлэх ухаан судладаг. Эрдэмтэд судлаж үзээд, хүнийг сайн зоригжуулж өгөхөд, түүний төсөөлөл дэх ажлыг хийх хугацаа буурдагийг тогтоосон байна.

Компанийхаа захирлаар хугацааны мэдрэмж султай хүн тавьбал компани тэр чигээрээ гацаж, маш их алдагдсан боломжийн зардалд унах болно. Энэ хооронд өрсөлдөгч компаниуд гараа хумхиад суухгүй нь лав.

Ертөнцийн цаг, бидний төсөөлөл дэх цаг хоёрын хооронд хэр том зөрүү байдаг вэ? Таны дотоод цаг ертөнцийн цагтай ижил хурдтай ажилладаг байвал сайн. Гэтэл зарим хүмүүсийн хувьд удаашралд орсон мэт харагдах нь бий. Тухайн хүний 1 өдөр нь Ертөнцийн 5 өдөртэй тэнцэх хүртлээ удааширч болно.

Жишээ нь 1 сарын дотор гаргачих шинэ бүтээгдэхүүн, шинэчилсэн журам, танилцуулга, загвар зэргийг дор хаяж 3 сар ажиллаж гаргана даа гэж төсөөлдөг менежерүүд их байдаг. Хүн тухайн өгөгдсөн даалгаварыг ямар хугацаанд хийнэ гэж төсөөлж байгааг захирал хүн мэдэх нь маш чухал.

Бид хүнийг ажилд авахдаа ихэвчлэн боловсрол, туршлага, ур чадвар зэргийг нь л хардаг. Гэтэл тэр хүн таны хүссэн хурдаар ажиллаж чадах уу?

Орчин үед менежментдээ сэтгэл зүйн шинжлэх ухааныг өргөнөөр ашигласан захирлууд ялалт байгуулах болно.
 
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд