Deng Xiaoping
  • 4134

Дэн Сяо Пин – Хятадын хөгжлийн нууц

Дэн Сяо Пин (1904-1997) Маогийн халааг аваад Хятад улсад эдийн засгийн реформ хийж, өнөөгийн хөгжлийн суурийг нь зассан билээ. Хятад улсын сүүлийн 40 жилд гаргасан аварга амжилтын талаар би энд нуршаад яахав.

1980 он гэхэд хоёр том социалист хүч болох, Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ) болон Хятад Ард Улсын (Хятад) эдийн засагт томоохон сорилтууд тулгараад байлаа. Горбачевийг төрийн эрхэнд гарах үед ЗХУ-н эдийн засгийн бүтээмж Америктай харьцуулахад маш тааруу болоод байв. Үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний чанар, гарц, өртөг зэрэг бүтээмжийн бүхий л үзүүлэлтээрээ Америкийн ард хоцорчээ. Энэ үеийн ЗХУ 2000 он гэхэд эдийн засгийн бүтээмжээрээ Америкийг гүйцэх зорилт дэвшүүлсэн байдаг. Горбачев их шинэчлэлтийг (перестройка) хийх замаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг эрчимжүүлэх зорилт тавьж байв.

Харин яг энэ үед Хятадад Дэн Сяо Пин төрийн эрхэнд гарч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг социалист-чөлөөт зах зээлийн эдийн засгаар солих реформийг эхлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл капитализмийг социализмтай хослуулан хэрэгжүүлэхээр болсон хэрэг.

“…Төлөвлөлт ба чөлөөт зах зээл нь социализмийг капитализмаас ялгах хүчин зүйлс биш юм. Төлөвлөгөөт эдийн засаг нь социализмийг тодорхойлохгүй; учир нь капитализмд ч гэсэн төлөвлөгөө байдаг; үүнтэй адилаар социализм чөлөөт зах зээлийг өөртөө агуулж болно. Төлөвлөлт ба чөлөөт зах зээл нь хоёулаа эдийн засгийг зохицуулах хүчин зүйлс юмаа…” гэж Дэн Сяо Пин шинэчлэлийн гол бодлогоо тайлбарласан байдаг.

Яагаад социалист лагерийн бүх улс орнууд 1990 он гэхэд эдийн засгийн хувьд бүрэн бүтэлгүйтэж нуран унасан. Харин яагаад Хятад тэсч үлдээд зогсохгүй, орчин үеийн эдийн засгийн хоёрдох том хүчин болж хөгжсөн нь эндээс тодорхой харагдаж байгаа юм. Яагаад чөлөөт зах зээл, ардчилсан дэглэмд 1990 онд шилжсэн Оросын эдийн засгийн бүтээмж өнөөдрийн социалист Хятадаас ингэж хол хоцров оо?

Энд би онолын цэцэн, ойлгомжгүй үгс хэрэглэхгүйгээр харин яг учир шалтгааныг нь оноож тайлбарлах гэсэн юм.

Дэн Сяо Пин үнэн хэрэгтээ хүн төрлөхтөний бий болгож, 1,000 гаруй жилийн турш төгсрүүлсэн КОМПАНИ хэмээх бүтээмжийн машиныг олж харсан хэрэг. Тиймээ, КОМПАНИ бол хүн төрлөхтөний хийсэн хамгийн том нээлтүүдийн нэг мөн. Өнөөдрийн бидний хэрэглэж буй өндөр технологиудыг бүгдийг нь КОМПАНИ л бүтээж байна. Учир нь компани бүтээмжийг хамгийн өндөр төвшинд хүргэж чаддаг юм.

Коммунист философичдын өвөг Карл Маркс (1818-1883) Лондон хотод амьдарч байхдаа үйлдвэрийн ажилчдын хүнд нөхцөл байдлыг ажиглан мэдээд, өөрийн Das Kapital зохиолоо бүтээсэн. Эндээс л Ленин, Мао зэрэг нэртэй коммунист философичид төрөн гарсан юм. Маркс, Ленин, Мао аль аль нь мундаг философичид байсан боловч, эдийн засгийн бүтээмж, түүний машин болох компанийн талаар сайн ойлголтгүй байсан. Тэдний ойлголт ихэнхдээ тухайн цаг үеийн үйлдвэрийн эздийн талаарх явцуу, буруу төсөөлөлөөс бүрдэж байсан нь зохиолуудаас нь илт харагддаг.

Тэд компанийг бүтээмжийн төгс машин болохыг нь олж хараагүй. Тийм учир төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, компани дээр суурилсан капиталист эдийн засагт эцэстээ салам цохиулна гэдгийг тооцоолж чадаагүй. Тэд хөрөнгийн захын талаар ямар ч ойлголтгүй байсан учир компанийн эзэд л зөвхөн баяжаад, ажилчид нь хохирно гэж бодсон. Гэтэл компани өөрийн хувьцааг хөрөнгийн зах дээр гаргаснаар нийт ард түмний өмч болох боломжтой өвөрмөц баялагийн хуваарилалтын механизм билээ. Компани бол зөвхөн бүтээмжийн машин ч биш, харин хөрөнгийн захтай хослуулснаар баялагийн хуваарилалтыг төгс хийж чадах машин билээ.

Горбачев төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаа шинэчлэхийг хүссэн бол харин Дэн Сяо Пин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтаа бүтээмжийн машин болох компанийг зохих ёсны байр сууринд нь авчирсан түүхтэй юм.

Аливаа улс оронд баялагийг компани л бүтээдэг. Хувь хүмүүс эсвэл төрийн байгууллагууд эсвэл коммунист хамтрал, нэгдэл, хоршоодууд баялаг бүтээж чадахгүй.

1990 оноос хойш бид ч гэсэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаа халж, компани хэмээх ойлголтыг оруулж ирсэн. Яагаад ажиллахгүй, болохгүй байна?

Нэгдүгээрт бид төлөвлөлт гэдэг бол зөвхөн социализмд байдаг ойлголт хэмээн буруу сэтгэж, төлөвлөлтийг бүрэн устгасан. (Дэн Сяо Пиний дээр хэлсэн үгийг санацгаая)

Хоёрдугаарт өнөөгийн монголд компанийн захирал шиг муу хүн үгүй мэт ойлгогдож байна. Төр засгийн бодлогын болон хэрэгжүүлэх аппаратууд бүхэлдээ компаниудыг дарамтлах, зогсоох, гацаахад чиглэсэн мэтээр зохион байгуулагджээ. Чөлөөт зах зээлт эдийн засаг гэж эдийн засгийн онолчид сүржин ярих боловч энгийн хүмүүс үүнийг Компанит эдийн засаг л гэж ойлговол зохино. Бид компанит эдийн засгийг үндсэн хуульдаа тунхагласан боловч бидний бүхий л үйл ажиллагаа компаниудыг бүтээмжээ гаргаж, баялаг бүтээж, түүнийгээ хуваарилахад нь саад хийхэд чиглэгдэж байна.

Аль нэг засгийн газар эдийн засгийн бодлого гаргаж зарлаад, яг хэрэгжиж эхлэж байтал дараагийн засгийн газар нь зогсоочихдог. Тогтвортой, ойлгомжтой хөгжих хөрс огт алга. Өнөөгийн монголд хууль, шүүх, татварын хаалга татаж гэмт хэрэгт сэрдэгдээгүй компанийн захирал олдохгүй л болов уу. Ийм нөхцөлд бүтээмжийн машин маань улс орныг хөгжүүлэх ажлаа хийж чадах болов уу?

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд