- 7803
Сошиал медиа ашигласнаар сэтгэцэд үзүүлэх нөлөөлөл
Сэтгэлзүйн шинжлэх ухаан хөгжөөд 100 гаруй жил боллоо. Энэ хооронд хүний сэтгэн бодох үйл ажиллагааг тал бүрээс нь судалсан байна. Сэтгэлзүйчид эхэндээ сэтгэцийн өвчлөл, өөрчлөлтийг илүүтэй судалж, эмчилгээ хийх аргуудыг туршиж байсан. Харин сүүлийн үед эерэг сэтгэлзүй буюу хэвийн сэтгэлзүйтэй хүнийг илүү аз жаргалтай болгох, хүний бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлүүд давхар эрчимтэй хөгжиж байна.
Critical thinking буюу бидний бодох функц
Бие эрүүл, сэтгэлзүй хэвийн боловч амжилт гаргадаггүй, аз жаргалгүй, бүтээмжгүй байх нь юуных вэ? Энэ талаар олон судалгаа хийж, олон арга технологи гарчээ.
Гэхдээ өнөөдөр би эдгээрээс хамгийн чухал болох БОДОХ функцийн талаар бичнэ. Барууны том корпорацууд Critical Thinking (Нухацтай бодох) чадвартай хүмүүсийг ажилд авна гэж хайдаг. Эрдэмтэд судлаад Бодох чадвар буюу нухацтай бодох чадвар бол хүний амжилтад нөлөөлөгч хамгийн эцсийн хүчин зүйл болохыг тогтоосон.
Мөн эрдэмтэд судлаач хүн ерөөсөө боддоггүй буюу өдөр тутмын амьдралын 95 гаруй хувиа рефлекс, дадал, эмоци маягаар өнгөрүүлдгийг тогтоосон. Эдийн засагчид судлаад хүн худалдан авалт хийхдээ бодолгүйгээр, сэтгэл хөдлөл (эмоци) -дөө захирагддаг.
Харин дараа нь яагаад улаан машин авсан, тэр залуутай гэрлэсэн тухай тайлбаруудыг зохиож эхэлдэг болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, бидний ихэнх шийдвэр гаргалт нь нухацтай бодол, шинжилгээний үр дүн биш.
Энийг урьд нь сонсоогүй хүнд итгэхэд бэрх. “Би байнга л боддог ш дээ” гэсэн бодол танд орж ирж байгаа байх. Харамсалтай нь үгүй байж. Эрдэмтэд судалж нотолжээ. Магадгүй та бодох гэж халтуурддаг байж.
Хүнийг амьтнаас ялгах олон шинж чанар байхгүй. Гагцхүү бодож байгаа цагтаа л хүн амьтнаас ялгагдана. Бодохгүй хүн бол амьтнаас төдийлөн ялгарахгүй. Үүнийг социализмийн үеийн боловсролын системд “Ургуулан бодох сэтгэлгээг хөгжүүлэх” хэмээн хөндөж анхаарал тавьж байв.
Мөн эртний соёл иргэншлүүд хүмүүс боддоггүй болохыг нээж бодуулах техник боловсруулсан байдаг. Тэдний нэг нь бидний одоо буруу зөрүү ойлгодог Бясалгал мөн. Бусад хүмүүсээс тусгаарлагдаж, биеэ чагнаж, анхаарлаа төвлөрүүлснээр хүн бодож эхэлж байгаа юм. Ингээд эцэст нь чадвал эмоциосоо салж эрүүл саруул бодлоороо өөрийгөө удирдаж эхэлнэ гэсэн үг. Эндээс гарч ирж байгаа гол дүгнэлт бол Хүн эмоцидоо захирагдаж явдаг. Харин,
Амжилттай хүн Бодлоороо эмоцио давдаг. Бодох гэдэг бол хүнд өгөгдсөн хамгийн том хүч юм.
Сошиал медиагийн сэтгэцэд үзүүлэх нөлөөллийг сэтгэлзүйчид одоо ид судлаж байгаа. Гэхдээ дорвитой хариу гарах болоогүй. Учир нь сэтгэлзүй судалгаа хийхдээ үр дүнг нь хүлээхийн тулд 50 жил хүлээх нь энүүхэнд. Гэхдээ ямартай ч би тамааглал (гипотез) дэвшүүлэх нь зөв гэж бодлоо. Намайг дагаж байгаа хүмүүст санаа өгөх нь чухал гэж шийдэв.
Аливаа ном судалгаа шинжилгээнд үндэслэсэн үнэн мэдлэг байдаг. Уран зохиолын ном аливаа хүний бүрэн гүйцэд, нарийн төлөвлөсөн бодлыг нэгтгэж харуулдаг. Ном бол бодлын бүтээл байдаг.
Бид ном уншсанаар бодол гэж юу байдаг, түүний үр дүнд юу болж байгааг гэрчилнэ. Бидэнд дадал сууна. Бид эмоцио дарж, бодитой судалгаа, шинжилгээ, баримтад суурилдаг болж эхэлнэ. Бид салхи шиг дэвээд байх биш, нухацтай, суурьтай, гүн гүнзгий харж эхэлнэ.
Сошиал медиа бидний бодох функцэд нөлөөлөх нь
Харин сошиал медиад юу байдаг вэ? Сошиал медиа номтой адил хүний бодол, хүн байх тэр чанарт чиглэдэг үү, эсвэл хүний хуйсагнасан эмоци, амьтанлаг талд илүү чиглэдэг үү? Эмоцийг өдөөдөг бүх зүйл сайхан байдаг.
Жишээ нь, авьяаслаг Америкчууд шоуг бид харж болно. Дугаар бүрт, оролцогч болгон дээрээ нулимсаа арчих нөгөө л нэг эмээгийн кадр. Оролцогч мундаг дуулсан учраас биш, харин эмээ нулимсаа арчиж байгааг бид хармагц бидний эрүүл саруул тархи шууд автоматаар унтарч, бидний эмоци тархи сэрж, нүдэнд нулимс цийлэгнэнэ. Тухайн оролцогч яг үнэндээ сайн дуулаагүй боловч үнэхээр сайн дуулсан мэт СЭТГЭГДЭЛ бидэнд төрнө. Энэ бол дэлгэцийн эмоцид чиглэсэн бүтээл.
Маш их мөнгө хийдэг бүтээл. Эмоцид чиглэсэн G Class (хамгийн үр дүнгүй, үр ашиггүй машин), Louis Vuitton цүнх (1цүнхний өртөг 400 доллараас хэтрэхгүй боловч 4,000 зарагдсаар л байна), Авъяаслаг Америкчууд шоу тэргүүтэн дандаа л амжилт олдог. Учрыг нь би дээр бичсэн. Хүн боддоггүй гэж. Хүний амьдрал тэр чигээрээ эмоцидоо хөтлөгдөөд явж байдаг.
Та орой унтахдаа сошиал медиад өдөр бүр 2-3 цаг зарж байгаа бол энэ таны эмоци талын хоол. Та сэтгэгдэл уншихад цаг зардаг бол тэр таны сул тал. Учир нь энэ бүгдийн эцэст таны сэтгэн бодох үйл ажиллагаа огт явагдахгүй. Та цаг өнгөрөх тутам эмоцийн далайд живэх болно. Та аливаа дүгнэлтийг нухацтай бодолгүйгээр шууд эмоциороо хийх дадалтай болно.
Хүмүүс цаг хугацаа өнгөрөх тутам ухаантай болж байгаа гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ нэн шинэ үед сошиал медиагийн ачаар улам илүү эмоцилог, бодлогогүй, саваагүй, салхи шиг болж байх шиг. Бодохгүйгээр хүн хүн байж чадахгүй.
Твиттер гэж сэтгэгдлийн талбар бий. 200 орчим тэмдэгтэд багтааж хүмүүс сэтгэгдлээ солилцдог. Хүн 200 тэмдэгтэд багтаагаад нухацтай мэдлэг, мэдээлэл солилцож чадахгүй. Фейсбүүкийн комментууд бол тэр чигээрээ ямар ч судалгаа шинжилгээгүй сэтгэгдэл, эмоци.
Хамгийн хачирхалтай нь иргэдийг эмоциос, сэтгэгдлээс хамгаалах ёстой сэтгүүлчид нь эдгээр талбарууд дээрээ сэтгэгдлийн шуурга үүсгэгч нар, судалгаа шинжилгээгүй, баримт нотолгоогүй мэдээлэл тараагч нар болсон байх юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын захирал, тэргүүнүүд нь эдгээр талбар дээр гарчихсан гол өдөөгч нар болчихсон сууж байх юм, Монголд. Ямар айхтар ухамсрын сүйрэл, доройтол вэ!!!
2002 онд анх дилер болоод ертөнцтэй танилцаж билээ. Тэр үед Bloomberg, Reuters гэж мэдээллийн үндсэн 2 терминалыг дилерүүд ашиглаж байв. Энэ терминал нь дилерүүдэд нарийн төвөгтэй шийдвэр гаргахад нь туслах зорилготой ба дэлхийд болж буй бүх үйл явдлыг бодит баримт, эх сурвалжид тулгуурлаж хүргэнэ. Энэ явцдаа сэтгүүлч, компанийн зүгээс ямар ч сэтгэгдэл наахгүй.
Америкийн төв банкны ерөнхийлөгчийн хэлсэн үг,
Арабын газрын тосны олборлолтын мэдээ, валютын ханшийн хэлбэлзэлд нөлөөлж буй хүчин зүйлс, Хятадын эдийн засгийн өөрчлөлт гээд өдөр бүр 20-30 хуудастай тэнцэх мэдээлэл тал бүрээс авна. Энэ бүгдийн эцэст алтны ханш өсөх үү, буурах уу гэдэг дүгнэлтийг дилер хүн хийнэ. Арилжаагаа хийнэ. Зөв дүгнэсэн бол ашиг хийнэ, үгүй бол банкиндаа алдагдал авчирна. Ийм маягаар 6 жил ажилласан байдаг. Ингээд бодохоор эдгээр мэдээлэл ямар төвшний бодит баримт дээр суурилж, эмоци-сэтгэгдлээс бүрэн ангид байх шаардлагыг та харж байгаа байх.
Дараа нь арай чөлөөтэй болж Yahoo news зэргийг уншдаг болов. Тэнд 2 долоо хоног тутам Английн хатан хааны гэр бүлийн тухай ямар нэг хов жив. Зүүсэн зүүлт, өмссөн цамц гээд бичихгүй юм байхгүй. Алтны ханшид нөлөөлөхгүй, ардын амьдралд бол бүүр пад байхгүй. Шар мэдээ гэж энэ юм байна гэж бодож билээ. Хүмүүст нухацтай, баримттай мэдээлэл таалагдахгүй. Харин эмоцид нь чиглүүлээд хов живийн чанартай зүйл явуулбал дор нь шүүрч аваад сэтгэгдлээ бичээд эхэлдэг бололтой.
Сэтгүүлч нар өнөөдөр сошиал медиагаас хүн төрөлхтнийг хамгаалах сүүлчийн бэхлэлт болж байна. Тэд эмоци-сэтгэгдэл шингээгүй, нухацтай бодол, тал бүрийн ажиглалтыг хөхүүлэн дэмжсэн мэдээллийг хүргэж байна. Гэтэл Монголд?
Биеэ үнэлсэн охидыг ТВ-ийн камераар эрээ цээргүй харуулж, эрхэнд нь бүдүүлгээр халдаж, “Яагаад биеэ үнэлээд байна?” хэмээн асуун тохуурхаж байна. Энэ бидэнд хэвийн үзэгдэл. Дээд боловсролтой сэтгүүлч хүн эмэгтэй хүн яагаад биеэ үнэлдгийг мэдэхгүй явж гэнэ. Тэр хүнийг шүүх эрхийг хэн түүнд олгов. Сэтгүүлч хүн мэдээ,мэдээллийг өөрийн өчүүхэн боловсрол, сэтгэгдэл, хүмүүжлийнхээ нүхэн дундуур оруулаад шүүгээд сууж байж болох уу? Энэ хорвоогийн бүх юмс, үзэгдлийг шүүж, сэтгэгдлээ нааж чадах уу?
Биднийг сошиалын сэтгэгдэл, аймшигтай хор хөнөөлтэй эмоцийн давлагаанаас хамгаалах ёстой сэтгүүлчид маань тэр давалгааны гол түүчээ нь болчихсон, хэвлэл мэдээллийн хэрэгслийг сошиал мэт болгочихсон явж байгаа нь бидний тархины тураал болой. Мэдээж олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлага дунд зөв зүйтэй хүмүүс бий нь тодорхой.
Смарт утас, 4G интернет бол гайхамшигтай технологийн дэвшил.
Та смарт утсаараа ном уншиж бодох чадвар дадлаа хөгжүүлэх үү, эсвэл сошиал медиад орж эмоцилог талаа дэврээх үү. Энэ технологи таны гарт байна, хутгатай адил та сайн зүйлд, эсвэл муу зүйлд ч бас хэрэглэж болно. Энэ удаад хохирогч нь та өөрөө байх болно.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг