- 7835
Нийгмийн үе: Gen Z, Gen X худлаа болох нь
Нийгмийн үеүд (Generations) маркетерууд, гүйцэтгэх захирлуудын сонирхлыг үргэлж татсаар ирсэн.
Үе бүр өөрийн онцлог хэрэглээтэй, мөн зан авиртай. Компаниуд үүнд нь тааруулж бүтээгдэхүүнээ сурталчилж хүргэх нь чухал билээ.
Нийгмийн үеүд нь тасралтгүй өөрчлөгдөж байдаг хүний нийгмээ дагаад бий болдог гэж үздэг. “…Одооны энэ залуучууд уу…” гэж хэдэн мянган жилийн өмнөх Египетийн булшин дээр бичсэнийг олсон гэдгээс энэ бүгд тодорхой харагдах байх. Өөрөөр хэлбэл аль ч цаг үед өөр өөрийн онцлогтой үеүд бий болж байдаг гэсэн үг.
Хүний хандлага, зан авир төлөвшихэд орчин чухал нөлөөг үзүүлдэг гэдгийг психологийн ухаан тогтоосон. Тэгэхээр социализмийн үед төрж, боловсорсон хүн нь ардчилсан нийгмийн үед төрсөн хүнээс өөр хандлагатай байна гэж ойлгож болно. Энэ нь бүтээгдэхүүний сонголт, маркетингийн суваг, хүний нөөцийн бодлого гээд бүхий л зүйлд хамаарна.
Ташаа ойлголт
Нийгмийн үеүдийг том зургаар нь Социологийн ухаан судалдаг билээ. Харамсалтай нь Монголд саяхныг хүртэл үеүдийг тодорхойлох судалгаа хийгдээгүй байсан учраас барууны үеүдийг монголын үеүдтэй ижил мэтээр ташаа ойлгох явдал хавтгай байна.
Америкт ашиглагддаг Gen Z, Gen X зэрэг үе нь монголд яг ижил хамаарах мэтээр маркетерууд, бизнесмэнүүд ярьж, хэрэглэх нь утгаа алджээ. Хэрэв психологи ба социологийн ухааны бага сага ойлголттой байсан бол энэ нь утга учиргүй эндүүрэл гэдэг нь хэнд ч мэдээжийн юм.
Бид 2020 оны 4-р сард судалгааны СИКА компанитай хамтарч монголын үеүдийг тодорхойлох анхны шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг хийж дуусгасан билээ.
Яг л бидний таамагласнаар барууны Gen Z, Gen X зэрэг үеүдтэй харьцуулахад монголын харгалзах цаг үед төрөгсөд нь тэдгээрээс итгэл үнэмшил, хандлагын хувьд маш хол зөрүүтэй талууд гарч ирсэн юм.
Америкийн судлаачид өнгөрсөн зууны дунд үеэс эхлэн үеүдийг идвэхтэй судалж, тодорхойлж ирсэн бөгөөд одоогийн байдлаар дараах байдлаар үеүдээ тодорхойлсон байгаа юм.
- Traditionalists (1945 оноос өмнө төрөгсөд);
- Baby Boomers (1946- 1964 оны хооронд);
- Generation X (1965- 1976 оны хооронд);
- Millennials, Gen Y (1977- 1995 оны хооронд);
- Gen Z, iGen, Centennials (1996 оноос хойш);
Дээрх үеүд нь өөр өөрийн гэсэн онцлог зан авиртай байдаг гэдгийг би дээр хэлсэн. Харин бидний хийсэн судалгаагаар монголын үеүд нь дараах байдлаар гарч ирсэн юм.
- Социалист үеийнхэн (1964 оныг хүртэл төрөгсөд)
- Завсрын үеийнхэн (1965-1982 оны хооронд)
- Шилжилтийн үеийнхэн (1983-1994 оны хооронд)
- Шинэ үеийнхэн (1995 оноос хойш төрөгсөд)
Барууны нийгэмд ямар нэг итгэл үнэмшлийн зарчмын шилжилт хийгдээгүй 200 шахам жил болсон гэдгийг бид санах хэрэгтэй. Харин манай орны хувьд 1990 онд бид социалист итгэл үнэмшлээс ардчилсан нийгэмд шилжсэн. Монголын энэхүү шилжилт нь үе хоорондын ялгаатай байдлыг бий болгож байгаа нь тодорхой болсон.
Монголын үеүд нь нийгэм, эдийн засгийн үйл явдлын харж байгаа өнцгөөрөө өөрсдийн онцлогтой байна.
Тухайлбал, 1964 оноос өмнө төрөгсөд буюу Социалист үеийнхний ихэнх нь 1990 оноос хойш эдийн засаг ба амьжиргаа муудсан гэж үздэг бол 1995 оноос хойш төрсөн буюу Шинэ үеийнхэн эсрэгээр эдийн засаг ба амьжиргаа улам сайжирч байгаа гэж итгэдэг ажээ.
Нөгөө талаас манай үеүд барууны харгалзах үеүдээс зарчмын зөрүүтэй гэдэг нь ч гарч ирсэн билээ. Тухайлбал, Gen Z буюу барууны 1996 оноос хойш төрөгсдийн үетэй харьцуулахад монголын Шинэ үе буюу 1995 оноос хойш төрөгсөд нь ертөнцийг үзэх үзлээрээ ихээхэн зөрүүтэй байна. Gen Z нь биеэ үнэлэх, ижил хүйстний гэрлэлт зэргийг хүний эрх, эрх чөлөөтэй холбож, хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж үздэг бол монголын Шинэ үе нь эсрэгээр эдгээр зүйлсийг буруу, хориглох ёстой гэж үздэг нь судалгаагаар гарч ирсэн.
Энэ мэтчилэн бид монголын нийгэм, эдийн засгийн өвөрмөц хөгжлийн шатанд бүрэлдэж байгаа үеүдийнхээ онцлогийг нарийн ойлгож байж бизнес болон нийгмийн ажилбарт ашиглах хэрэгтэй.
Та бүгд монголын үеүдийн талаарх дэлгэрэнгүй судалгаатай танилцахыг хүсвэл энд дарж татаж авч үзээрэй.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг