• 2210

Бүтээгдэхүүн бол процесс юм

Хүн амьтны гайхшлийг төрүүлсэн, телевизээр цацмагц борлуулалтыг суга өсгөх маркетинг хийх нь бараг бүх CEO нарын мөрөөдөл гээд хэлчихэд хилсдэхгүй байх.

Бүтээгдэхүүн гэж ердөө гоё нэр өгөх, гоё танилцуулга хэвлэж тараах, гоё маркетинг хийж цацахаас илүү өргөн хүрээтэй, гүн гүнзгий ойлголт гэдгийг захирлуудад хэлж ойлгуулах нь их бэрхшээлтэй.

Саяхан Мандал Санхүүгийн Нэгдэлийн гүйцэтгэх захирал Батзултай буу халж байтал мань эр “…Бүтээгдэхүүн бол процесс юм…Үүнийг л захирлуудад ойлгуулчихвал болох гээд байна…” гэж хэлдэг юм.

Миний олон жил хүмүүст хэлж ойлгуулж чадахгүй байсан зүйлийг ямар сайхан томъёолов оо. Харвардын сургуульд ч ингэж заадаггүй байх.

Үнэхээр л бүтээгдэхүүн бол процесс юм. Бүтээгдэхүүнийг борлуулахаас эхлүүлээд харилцагчийн үйлчилгээ, хугацааг сунгах, хуучирсан бүтээгдэхүүнийг солих, дараагийн бүтээгдэхүүнийг санал болгох гээд тэр чигээрээ процесс юм.

Сурталчилгаа явагдмагц борлуулалт хийгдэхгүй. Хэрэв процессоо зурж чадаагүй бол борлуулалт хийгдэхгүй. Борлуулалт хийгдсэн ч маш олон харилцагч гомдолтой хоцроно.

Усны шүүлтүүр зардаг компани байсан гэж жишээ авъя. Усны шүүлтүүр нь л бүтээгдэхүүн мэт боловч үнэн хэрэгтээ түүнийг харилцагчийн гэрт угсарч суурилуулах, шүүлтүүр солих цаг болоход харилцагчид сануулах, шүүлтүүрийг нь түргэн шуурхай сольж өгөх, үйлчилгээний утас байнга ажллагаатай байх зэрэг олон процесс үүний ард явагдаж байна. Эд бүгд нийлээд бүтээгдэхүүн юм.  

Үүнд вэбсайт ч гэсэн хамаатай. Ихэнх компаниудын вэбсайтруу харилцагч нар хүндрэл гарсан үедээ тусламж, чиглүүлэг авах зорилгоор орж үздэг. Гэвч монголын ихэнх вэбсайтууд дээр харилцагчид туслах мэдээлэл огт байдаггүй нь миний анхаарлыг татдаг. Ингээд аргагүйн эрхэнд үйлчилгээний утасруу нь холбогдох хэрэгтэй болно. Тухайн компани үйлчилгээний илүү олон утас, илүү олон ажилтан ажиллуулах хэрэгтэй болж байна.

Иймэрхүү процессийн алдаанууд түгээмэл ажиглагдана. Аливаа компанийн бүтээгдэхүүн хөгжлийн модел нь үндсэндээ бүтээгдэхүүнийг тасралтгүй үргэлжлэх процесс гэж харж хөгжүүлбэл амжилтанд хүрэх нь гарцаагүй.

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд