- 4525
Аз жаргалтай, Мөнгөтэй болох туршлага
Одоо ингээд харж байхад бид сурч, боловсрохыг тэр чигээрээ буруу ойлгодог юм шиг. Их сургууль төгссөн бол сурч дууслаа гэж монголчууд маань төсөөлдөг юм байна.
Нөгөө их сургуулиуд нь ч гэж таарсан таар шуудайнууд. “Та нар маш их юм сурлаа шүү” гээд диплом гардуулдаг. Уг нь бол “та нар цааш нь үргэлжлүүлж сураарай, сая багахан зүйл л сурсан шүү” гэж хэлээд явуулах ёстой юм.
Дунд сургуульд хичээлд дургүй, их сургуулийн элсэлтийн шалгалтанд ч тэнцээгүй гэдгийг минь миний өмнөх яриа, бичвэрээс та бүхэн харсан байх.
Би яг үнэндээ 21 настайгаасаа боловсорлын амтанд орж сурч эхэлсэн юм. Тэрнээс өмнө юм сурсангүй. Тэрнээс хойш одоо тасралтгүй 20 орчим жил сурч, боловсорч явна.
Ня-бо мэргэжлээр төгссөнөөс хойш дилер мэргэжил эзэмшлээ. Дилерт ойр тул эдийн засгийн ухаан сурлаа. Тэгээд даатгалын салбарт орж даатгал сурав. Мөн дилертэй ойр тул хөрөнгийн захыг сурлаа. Даатгал ба Санхүү нь тэр чигтээ эрсдэл байдал тул эрсдлийн менежмент сурав. Удалгүй менежер болж менежментийн ухаанаар дагнав. Менежмент хийх явцад хүний сэтгэлзүй чухал байсан тул Сэтгэлзүйн ухаан сурлаа. Энэ явцад тасралтгүй бизнес хийж байсан тул Маркетингийн ухаан нэмээд Борлуулалт, Хүний нөөцийн ухаан сурав. Маш олон арга хэмжээ зохиосон учир арга хэмжээ төлөвлөлт, төслийн менежмент, процесс менежмент сурав. 20 гаран жил хүмүүст хичээл заасан тул багшлах ухааныг сураадхав. Олон хуралд илтгэл тавьсаар илтгэх урлаг ойлгов. Менежментийн оргил тул Стратегийн ухааныг суралцаж нэлээн дөхүүлж явна, удахгүй дүүргэнэ дээ. Энэ явцад философийн ухааныг бага багаар нимгэлж л явна. 5 ном бичсэний эцэст ном бичиж бас сураад байгаа юм уу даа.
Хамгийн чухал нь дээр сурсан бүх мэдлэг хоосон цаасан дипломоор биш бодитой бүтээл, бүтээгдэхүүн, ашиг, орлого, харилцагчийн тоо, туурвисан 5 ном зохиол, олон зуун нийтлээлээр маань нотлогдоно. Бүгд тоогоор хэмжигдэнэ.
Цаашаа дахиад үхэн үхтлээ зөндөө юм сурна гэхээр сэтгэл сайхан байна.
Хамгийн гол нь дээрх мэдлэгийг би дундаж хүнтэй адил дэмий сэлгүүцэж, архи дарс ууж, найзуудтайгаа наргиж, компьютер писи тоглож, гэр бүлдээ цаг гаргах далимдаа олж авч байгаа юм. Өдөрт ердөө 20-30 минут шүү дээ. Гэтэл бид одоо утсаа маажиж хэрэгтэй хэрэггүй контент үзэхэд хэдэн цаг зарцуулж байна?! Мэдлэг олж авахад ухаантай IQ өндөртэй байх ямар ч хэрэггүй юм билээ шүү. Би өөр дээрээ харж байхад.
40 гарсан зарим үеийн залуусаа харж байхад тэд сүүлийн 20 жил юм сурсангүй. Шинэ мэдлэг, мэргэжил эзэмшсэнгүй. Ном уншихгүй юм. Курст суухгүй юм. Гэтэл би эхний 20 жил юм сураагүй боловч сүүлийн 20 жил тасралтгүй сурчээ. Үүн дээр амжилтын ялгаа гараад байна. Маш харамсалтай санагдаж байна. Тэдний мэдлэг 20 жилээр хоцорч, миний мэдлэг хамгийн сүүлийн үеийнх байдаг. Хайран боломж, хайран залуус…
Энэ чинь би ухаантай, мундагдаа биш зүгээр л тасралтгүй сурсанд байгаа юм. Гэтэл МУИС онц төгссөн, дипломоо авчихсан, эсвэл диплом авсандаа хөөрөөд, сурах гэж их зовлоо одоо боллоо гээд ихэнх нь суучихаад байна.
Нэг танил залгаж байна. Ганзориг Бизнес Сургуульд хүүгээ өгье гэнэ. Тэгээ, чи өөрөө бас сураач гэтэл “Би одоо юу ч сурахав дээ” гэж байх юм. Энэ бол нийтлэгийн нийтлэг дүр төрх байна.
Сургууль гэж там, мэдлэг гэж зовлон маягаар манай боловсорлын систем ойлгуулснаас болж ийм байдал үүсч байна. Уг нь бол хүн төрөлхийн мэдлэгт шуналтай амьтан шүү дээ. Боловсрох эрмэлзэлтэй амьтан.
Зарим танилууд 20 дугаар ондоо “англи хэлээ сайжруулах юмсан” гээд үглээд явж байх. Энэ хооронд бараг 10 шинэ хэл сурах хугацаа өнгөрлөө шүү дээ.
Хоосон цэцэрхэх мэдлэг хэнд ч хэрэггүй. Хоосон сүртэй том диплом хүний ЭГО-г өдөөж, жүжиглэхэд хүргэж алдагтай ижил. Тэгэхээр мэдлэг бүр миний дээр хэлснээр үр дүн гаргадаг байх ёстой гэж би боддог. Тэр мэдлэг чинь чамд аз жаргал, бүтээл, мөнгө авчирж байх ёстой.
Монголын анхны менежментийн блог болох ganzo.mn дээр одоо 60 гаруй нийтлэл орсон байна.
Ganzo.mn дээр би “35 настай тэтгэвэрийн хөгшин” гээд нийтлэл бичсэн. Энийг уншиж сонирхоорой. Тасралтгүй өөрийгөө хөгжүүлж боловсруулж чадвал аз жаргал, мөнгө аяндаа урсаад ороод ирнэ шүү ахан дүүсээ…
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг