• 22013

Амьдралд унших 10 ном

Саяхан нэг ном бичиж дуусах үед “…хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт бол ном худалдаж авах юм байна…” гэсэн сэтгэгдэл надад төрсөн юм. Учир нь би өөрийн 20 жилийн туршлагыг шингээж, дэлхийн шилдгүүдийн санааг багтаасан номыг бичих гэж ямар их хөдөлмөр зарцуулсан билээ. Гэтэл энэ хөдөлмөрийг ердөө 50 мянган төгрөгөөр өөрийн болгох боломж номд дурлагчид нээгдэж байгаа юм.

Зөв номоо олж, шингээж уншиж чадвал бизнес, мөнгө, албан тушаалдаа амжилт олоод зогсохгүй өөрийгөө нээж, амьдралын мөн чанараа ойлгох замдаа орно. Надад ялангуяа хоёрдугаар хэсэг буюу өөрийгөө олох, нээх, амьдралын мөн чанарыг ойлгох тал нь илүү их таалагдаж байгаа.

Юуны өмнө би “жилд 100 ном уншина”, “500 ном яаж хурдан унших вэ” гэх мэт зүйлст огт итгэдэггүй бөгөөд, шаардлагагүй гэж үздэг. Нэгдүгээрт, дэлхийд тийм олон сайн ном байхгүй. Хоёрдугаарт жилд 100 ном уншиж байгаа хүн хэзээ нь гараа хөдөлгөж, хийж бүтээх билээ. Мэдлэгийг олж авах хамгийн сайн арга нь гараа хөдөлгөж, өөрөө хийж, алдаж, онож, бүтээх явдал юм гэдгийг нотолсон шүү дээ. Тэгэхээр ном уншихаас гадна хийж бүтээхэд хүн бүр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг хэлээд 10 номынхоо талаар ярилцъя.

  1. Thinking Fast, Thinking Slow by Daniel Kahneman /монголд Хурдан бодох уу, Түргэн шийдэх үү гэсэн нэртэй орчуулагдсан/

Далд ухамсар ба ил ухамсар, автомат тархи ба механик тархи гэх мэт олон янзаар нэрлэдэг тархины ажиллагааны хосолмол горимыг сайтар ойлгосноор аливаа хүн өөрийгөө хянах, удирдах, бусдын ер бусын үйлдлүүдийг тайлбарлах чадамжтай болно. Өөрийгөө хянаж чаддаг хүн л бусдыг хянах, удирдах, лидер болох тухай ярьж эхлэх хэрэгтэй. Өөрийгөө хянаж сурах нь гавлын ясан доторх тархиныхаа ажиллагаа сайн таньж мэдэхээс эхлэх билээ.

  1. Freakonomics by Steven Levitt, Stephen Dubner

Энэ ном нь 3 цуврал бөгөөд нийгэм, эдийн засагт болж буй үзэгдлүүдийг эдийн засагч нарын уламжлалт ойлгомжгүй, бөөрөнхий тайлбараар биш харин яг голыг нь оносон, товч, тодорхой байдлаар ойлгуулснаараа сод бүтээл болсон. 15 орчим жилийн өмнө гарахдаа томоохон шуугиан тарьсан бөгөөд сэтгэлгээний өөрчлөлтийг авчирсан гэж хэлж болно. Энэ номыг уншсанаар та төвөгтэй, том асуудлуудаас айхаа больж, амьдралыг хялбараар харж сурах болно.

  1. Start with WHY by Simon Sinek

Бид ЮУ хийдэг тухайгаа байнга л ярьж байдаг. Зарим арай ахисан төвшний хэд нь ЯАЖ хийдгээ ярина. Гэтэл маш цөөхөн хүмүүс л ЯАГААД хийдэг тухайгаа ярьдаг. Мандал ЮУ хийдэг вэ? Мандал ЯАЖ хийдэг вэ? Мандал ЯАГААД хийдэг вэ? гэсэн 3 асуултыг харьцуулахад л яагаад гэдэг үгний хүч чадал үнэхээр хэмжээлшгүй их болох нь мэдрэгдэнэ. Энэ номыг уншсаны дараа өөрийгөө, үр хүүхдээ, ажлаа, бизнесээ бүгдийг нь ЯАГААД гэсэн хэмжигдэхүүн дээр тавьж эхлээрэй. Амьдралын философи ба Бизнесийн амжилтад гайхамшигтай үр дүнг мэдрэх болно шүү.

  1. Give and Take by Adam Grant

Колумбын залуу профессор Адам Грантын шуугиан тарьсан ном хэвлэгдэхээс хэдэн сарын өмнө би өөрийн блог дээрээ энэ санааг бичсэн байсан учраас энэ номын талаар ярих бүртээ заавал гоншигнох хэрэгтэй болдог юм. Товч санаа нь гэвэл хүмүүс бүхэлдээ Өгөгч ба Авагч гэсэн хоёр төрөлд хуваагдах бөгөөд Өгөгч нар амьдралд, бусдад дандаа өгч байдаг учраас аз жаргал, мөнгө, бизнесийн амжилт гээд бүхий л талбарт урт хугацаандаа үнэмлэхүй ялагч нар болдог байна. Өгөгч хүмүүс хүндлэл хүлээнэ. Талархал хүлээнэ. Өгнө гэдэг бол бүтээх гэдэгтэй утга нэг учир мөнгө ч илүү олно. Юм бүтээж байгаа хүн л мөнгө илүү олно. Би өөрийгөө залуурдсаар танихгүй хүнтэй кофе уухдаа хүртэл би энэ хүнд юу өгч болох вэ гэж бодож сурсан. Та ч гэсэн чадна. Амьдралыг тань орвонгоор нь өөрчлөх бий.

  1. Skin in the Game by Nassim Taleb

Black Swan буюу Хар Хун номын зохиогч, орчин үеийн философич Нассим Талебийн номуудыг би алдалгүй уншдаг. Хамгийн сүүлд гарсан Skin in the Game буюу “…нэг завинд хамтдаа…” гэх ном нь орчин үеийн нийгэмд тохиолдож буй хариуцлагагүй байдлыг маш тодорхой харуулсан. Энэ номоос хэнд итгэж болох мөн итгэж болохгүй тухай, мөн ямар хүн болж хувирч болохгүй вэ гэдгийг тодорхой ойлгож болно.

  1. Psychology of Money by Morgan Housel /энэ номыг Ө.Ганзоригийн Мөнгөний Менежмент номоор орлуулж болно, гол санаанууд давхацна/

Бид ертөнцийн юмс үзэгдлийг тасралтгүй шинжилж, бусдыг шүүмжлэх боловч өөрсдийнхөө тархийг огт ойлгодоггүйтэй /1-р номыг унш/ адилаар мөнгөтэй өдөр бүр харьцах боловч мөнгөний философи, психологийг нь огт ойлгодоггүй аж. Мөнгө гэхээр л эдийн засгийн онолын номууд хэнд ч хэрэггүй хог чихэж эхэлдэг бол энэ номыг жирийн хүн уншаад л мөнгөний талаар бүрэн ойлголт авах боломжтой. Энэ номыг уншсанаар хэрхэн урт хугацаанд хуримтлуулах замаар чинээлэг болох арга замыг сурч авна.

  1. Nudge by Cass Sunstein, Richard Thaler

Хүмүүсийг амьдралын зөв хэмнэлд оруулахад сэтгэлзүйн арга ухааныг ашиглаж хэрхэн нөлөөлөх тухай өгүүлнэ. Үүнийг өөр дээрээ туршиж болно. Хүний сэтгэлзүй насан туршдаа хөгжиж байдаг тул та жишээ нь хэрэв залхуу бол түүнийгээ давж болно, түрэмгий бол түүнийгээ дарж болно гэсэн үг.

  1. Meditations by Marcus Aurelius

Одоогоос 2,000 шахам жилийн өмнө амьдарч асан Ромын хаан, философич Маркус Аурелиусын бичвэрүүдээс түүвэрлэсэн ном юм. Энэ номоос өөрт хэрэгтэй философийг олж авахаас гадна, миний бодлоор хамгийн чухал нь “…дээр үеийн хүмүүс тэнэг байсан…” гэсэн дунд сургуульд олж авсан буруу ойлголтоо залруулах шаардлагатай. Хүн бол хүнээрээ л байсан бөгөөд ямар ч өндөр хөгжил дэвшил биднийг олигтой сайжруулж, өөрчлөөгүйг бид мэдэрч болно. Цаг хугацааны шалгуурт өөрийн амьдралын философийг шүүлтүүрт оруулж үзээрэй.

  1. The Grand Design by Stephen Hawking

Мэдээж цөмийн физик, астрофизикгүйгээр философидоно гэдэг нь утга учиргүй зүйл болох юм. Маш ойлгомжтой энгийн энэ номоос та өөрийн амьдарч буй орчлон ертөнцийн талаар ойлголт авч, бурхан байдаг эсэх асуултынхаа хариултыг олоорой. Энэ номоос алсдаа бизнестээ хэрэгтэй, амьдралдаа хэрэгтэй олон чухал санааг олзолж авна гэж итгэж байна.

  1. Infinite Game by Simon Sine

Бид ажил бүрийг дуусах хугацаатай төсөл мэтээр төсөөлж хэвшсэн. Гэтэл амьдрал гэдэг нь тасралтгүй үргэлжлэх төсөл юм. Санаа нь миний хэлсэн “…уулын оргил оройд нь биш бэлд нь бий…” гэдэгтэй дүйх юм. Утгачилбал амьдралын зорилго бол уулын оройд гарах биш харин уулын оройд гарахын тулд сүүлчийн мөч хүртэл тэмцээд магадгүй бэлд нь сөхөрсөн бол тэр нь таны хувьд тэр уулын оргил болой.

Цаашид хэд хэдэн номууд санал болгох бөгөөд нийт санал болгох номын тоог 15 дотор хязгаарлах бөгөөд дундаж хүн эдгээр 15 номыг уншсан, хамгийн гол нь өөртөө бүрэн шингээж авсан байхад хангалттай гэж бодож байна.

Тэгэхээр миний санал бол амьдралынхаа турш 15 орчим тооны номыг унших тухай юм. Мэдээж энэ нь манайхны төсөөлөл шиг нэг номыг уншмаар аядаад цааш нь чулуудах биш. Эдгээр номтойгоо насаа элээж, эдгээр номд бичигдсэн санаануудыг туршлагаар баталгаажуулж, дахин дахин унших тоолондоо шинэ санаа олж авах тухай ярьж байгаа юм.

Жич: Дээрх номуудаас монгол хэлээр орчуулагдсан байгаа бол комментоор бичиж өгч тусална уу. Энэ пост дээр засвар хийх байдлаар уншигчдад дөхүү болгоё. Огт орчуулагдаагүй номууд байвал орчуулах ажил зохион байгуулахад бэлэн байна.

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг