• 3976

Арга ба Билиг

       Дэлхийн топ сургуулиудын нэгэнд Менежментийн курст сууж байв. Тэгсэн судалгааны үр дүн танилцуулж байна аа. Хэд хэдэн төрлийн лидер байдаг гэнээ. Нийцтэй, Багш, Диктатор маягийн гэх мэт.
Миний инээд хүрч багшдаа хэлсэн юм.
Лидер хүн гэдэг чинь нөхцөл байдалдаа тохируулж шаардлагатай үед диктатор, шаардлагатай үед багш, шаардлагатай үед багийн тоглогч болж хувирдаг хүн юм ш дээ. Та нар сармагчин судалж байгаа хүмүүс шиг нэг цаг мөчид ямар зан авир гаргаснаар нь хэмжиж ийм мөчидхөн, инээдтэй дүгнэлт хийж болохгүй л дээ гэж.

 

      Тэгэхээр хүн бол олон зан авирын нэгдэл юм. Бүгд нийлж байж утга учир бий болно. Яг л зурагт харуулсан Арга ба Билиг шиг. Хар ба Цагаан байж утга учир олно.
 
Амьтны амь таслахгүй гээд бясалгаж суугаа лам, баахан амьтны амь тасалж тариалсан цагаан будаагаар өргөл барьц авч идэж байгаа юм шиг утга учиргүй зүйл амьдралд байж болохгүй ээ.
 
Нэг жишээ яръя.
         Би 10 жилд өөрийгөө аймхай хүүхэд гэж боддог байлаа. Сүүлд сургууль төгссөнөөс олон жилийн дараа манай ангийн нэг хүүхэд таараад “Чи маш зоригтой хүүхэд байж билээ” гэхэд гайхав.
Тэгээд энэ нийтлэлийг бичих бодлын хөврөл эхэлсэн юм.
 
Би маш болгоомжтой хүн аж. Үүнийгээ би айдас гэж андуурч явж.
Гэхдээ нэгэнт шийдвэр гаргавал юунаас ч буцахгүй тууштай юм байна. Ийм тохиолыг хараад манай ангийн хүүхэд маш зоригтой юм гэж дүгнэжээ.
 
Тэгэхээр бид өөрсдийгөө илүү сайн нээх ёстой. Бид маш болгоомжтой байх ёстой бөгөөд нэгэн зэрэг шаардлага тулгарсан үед мятрашгүй тууштай явж чаддаг байх бас ёстой. Энэ бол Арга ба Билиг.
 
Эсрэгээр хүмүүст маш зоригтой гэж харагддаг, багадаа шаггүй овгор асан залуу ирээдүйд гэр бүл зохиов. Тэгээд хөдөө явахдаа бага насны хүүхдээ машиныхаа люкээр гаргаад сэнгэнүүлэн давхина.
 
Энэ яг зоригтой хүн үү, эсвэл зүгээр л бусдыг огт боддоггүй, бодлоггүй, усан тэнэг үү? Хэрэв машиных нь урдуур адуу гүйвэл яах вэ. Огцом тоормозлож таарна. Тэр үед хүүхэд нь бараг диваажинд очсон байх уу.
 
Өөрөөр хэлбэл танд айдас биш харин болгоомж хэрэгтэй. Маш их хэрэгтэй.
      Бид үр хүүхдээ амьнаасаа илүү хайрлах мөртөө сахилга батыг цэрэг арми мэт хангуулах ёстой. Хайр гэдэг бол халамжлахын нэр биш харин хатуужуулахын нэр юм. Бид хүүхдүүдээ загас биш харин загас барих ухааныг үлдээх ёстой. Яг үүнтэй адил.
Арга ба Билиг буюу Хар ба Цагаан загас бол амьдралын бүхий л ухаанд ашиглагдана.
Бид өөрсдийгөө өршөөлгүй шүүмжлэх мөртөө бусдыг дуусашгүй уучилдаг байх ёстой. Энэ нь бид бусад хүмүүст дандаа боломж олгож найр тавьж байх ёстой гэсэн үг. Хэрэв алдаа гарвал буруутныг хамгийн түрүүнд өөрөөсөө хайж сурна гэсэн үг.
 
Хүний зан авирийн Арга ба Билиг хоёр талыг бид тасралтгүй эрж хайж, өөрсдийгөө олох болон өөрсдийгөө бүтээх ёстой.
 
Өнөөдрийг хүртэл таныг таны багын найзууд, багш, эцэг эх чинь бүтээжээ. Харин хүн гэж амьтанд байх том хувь заяа бол өөрийн хүсэл эрмэлзлээр өөрийгөө бүтээх чадвар юм.
 
Та 5, 10 жилийн дараа хэн болмоор байна? Танд өөрийн тань үзэн яддаг дутагдлууд байна уу? Тэгвэл надтай ижил наад дутагдлаа өөр нэг өнцгөөр хараад үз, магадгүй хэрэгтэй зүйл ч байсан юм билүү.
 
Тэгвэл зөв залуурд. Өөрийгөө бүтээ.

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд