- 7412
Менежментийн Лидер Стив Жобс
Стив Жобс Pepsi компанийн гүйцэтгэх захирал Жон Скаллиг урвуулж авахдаа “Чи үлдсэн амьдралаа чихэртэй ус зарж өнгөрүүлмээр байна уу эсвэл надтай хамтарч дэлхийг өөрчилмөөр байна уу” гэж асуусан байдаг. Тэгэхэд Стив Жобс (1955-2011) ердөө 28 настай байсан ч, аль хэдийн дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болсон байлаа.
Стив Жобс бол орчин цагийн менежментийн хамгийн агуу лидерүүдийн нэг мөн билээ.
Стив Жобсын үүсгэн байгуулсан Эйпл компани 1997 онд санхүүгийн хүндрэлд орж 200 сая доллар зээлэхдээ тулж байсан бол өнөөдөр 1 их наяд долларын үнэлгээтэй, жилийн 265 тэрбум долларын орлоготой аварга том корпорац болон өргөжжээ. 2,000 жилийн түүхтэй Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ердөө 10 тэрбум доллар гээд бодохоор Стив Жобс 20 жилийн дотор юу хийж чадсан болох нь ойлгогдоно.
Бусад технологийн салбараас төрсөн тэрбумтнууд болох Билл Гейтс, Марк Зукерберг зэрэгтэй харьцуулахад Стив Жобс өөрийн менежментийн чадварыг маш олон удаа, хэд хэдэн өөр салбарт нотлон харуулсан юм.
1985 онд Эйпл компанийн ТУЗ Стив Жобсыг өөрийнх нь үүсгэн байгуулсан компаниас шахан гаргасан юм.
Үүний дараа Стив Next болон Pixar компаниудыг үүсгэн байгуулсан байдаг. Pixar компани 1995 онд Тоглоомын түүх (Toy Story) нэртэй дэлхийн анхны 3D хүүхэлдэйн киног гаргаж Холливуудыг бут цохисныг та бид мэднэ. Эцэст нь Next, Pixar аль аль нь хэдэн тэрбум доллароор үнэлэгдэх бизнесүүд болон өргөжсөн юм.
Стив Эйплийг орхисноос 12 жилийн дараа буюу 1997 он гэхэд Эйпл үндсэндээ дампуурч, хаалгаа барихад ойрхон болоод байв. Стивийн анх урьж авчирсан, дараа нь өөрийг нь Эйплээс зайлуулах хорыг найруулсан Жон Скалли Эйплийг бүхэлд нь сүйрүүлжээ. Ингээд Стив өөрийн байгуулсан компанидаа эргэн ирж, технологийн ертөнцийг дахин ноёрхох ажлаа эхлүүлсэн юм. 1997 он, 1985 онтой адилгүй байв. 1985 онд компьютерын ертөнцөд бүгд шинээр орцгоож байсан бол 1997 он гэхэд Microsoft, IBM, Dell, Yahoo, Motorolla, Nokia, Oracle, Intel гэх мэт аварга том корпорацууд технологийн бизнесийг хуваан атгаж байв.
Стив Эйплийн бүтээгдэхүүнүүдийг цэгцлэхээс ажлаа эхэлсэн юм. Эхлээд ipod, удалгүй imac, itunes, iphone, ipad хэмээх дэлхийг донсолгосон бүтээгдэхүүнүүд ар араасаа цувран гарч Эйпл компани хоёрдох удаагаа дэлхийн технологийн лидер болсон билээ.
Одоо Стив Жобсын менежментийн арга барилын талаар бичье. 2001 онд Стив Жобс Эйплийн дэлгүүрийг Нью Йоркийн хамгийн үнэтэй Тавдугаар гудамжинд нээхэд нь түүнийг томоохон сэтгүүлүүд дээр дооглон бичиж, Эйпл компани ямар их алдагдал хүлээх талаар таамаглал дэвшүүлж байв. Учир нь Тавдугаар гудамжинд зөвхөн загварын том брэндүүд л дэлгүүрээ нээдэг, хэзээ ч энд компьютерын дэлгүүр нээгдэж байгаагүй юм. Гэвч Эйплийн дэлгүүр нээлтээсээ хойш хэдхэн сарын дараа дэлхийн жижиглэнгийн худалдааны рекордыг эвдсэн түүхтэй.
Стив Жобс менежерийн хувиар нарийн детальд маш их анхаарлаа хандуулдаг байлаа.
Тухайлбал, Эйпл дэлгүүрийн загварыг гаргахын тулд тэрээр бүтэн 6 сар ажилласан байдаг. Калифорнид том агуулах түрээсэлж аваад, түүн дотроо дэлгүүрийнхээ загварыг барьж, өдөр бүр очиж загвар, дизайных нь деталиуд дээр ажилладаг байв. Эйплийн дэлгүүр жижиглэн худалдааны салбарт хувьсгал хийгээд зогсохгүй, маш олон архитектур, загварын шагнал авсныг хэлэх хэрэгтэй.
Нөгөө талаас Стив Жобс бол вижнтэй лидер байв. iPhone бол түүний вижн байсан юм. Өмнө нь точ дэлгэцтэй, смарт утас хийх оролдлого олон удаа хийгдэж байсан нь үнэн юм. Гэхдээ тэдгээр компаниуд бүгд нэг бол халаасны компьютер эсвэл олон үйлдэлтэй утас хийх гэж оролдож байлаа.
Харин Стив Жобс анх удаа аппликэйшн-интернет-сошиал медиад холбоотой товч дэлгэцийг олж харсан юм. Үнэндээ Стив Жобс л Facebook, Twitter, Instagram бий болох нөхцөлийг бүрдүүлсэн шүү дээ.
Стив Жобсын хувьд iphone гар утас биш байсан юм. Гар утас бол ердөө нэг л функц байлаа. Менежментийн лидерүүд бүгдээрээ вижнтэй байдаг. Тэд энгийн хүний нүдэнд харагдаагүй, төсөөлөлд буугаагүй зүйлсийг оюун ухаанаараа олж харж чаддаг.
Жишээ нь: Стив Жобс харилцагчийн судалгаа хийх нь цаг үрсэн дэмий зүйл гэж үздэг байв. Тэрээр “Харилцагчаас та юу хүсч байна гэж битгий асуу. Учир нь тэд юу хүсэж байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй. Тийм учраас тэдэнд хэрэгтэй зүйлсийг урьдчилан хараад, хийж өгөөд, яаж хэрэглэхийг нь зааж өг.” гэж сургадаг байсан юм.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг