• 6105

Хүч чадлын нууц

Одоо та бүгд минь баян болох 5 арга, амжилтанд хүргэх 10 зам, бусдыг татах 7 заль зэрэг номнуудаа бүгдийг нь уншиж дуусаад, ямар ч хэрэггүй хог гэдгийг нь ойлгочихоод сууж байгаа биз ээ.

Нэгэнт энэ цаг үед ирсэн тул өнөөдөр бүгдээрээ ХҮЧ ЧАДЛЫН НУУЦЫН тухай авч үзье. Аливаа бизнесмэн, менежер, лидер хүн хүч чадлын жинхэнэ нууцыг мэдэхийг хүсч байгаа нь лавтай.

Бид эм баавгай, эр баавгай хоёрын бие, хүч чадлын ялгааг хараад мэднэ. Гэхдээ аль нь илүү аюултай вэ. Зулзагаа хамгаалсан эм баавгай юу, эсвэл олз хайж яваа том биетэй эр баавгай юу.

Ашиг олзны араас яваа аливаа амьтан байтугай араатан хүн ч аюултай биш.

Харин үр зулзаганыхаа аюулгүй байдалд ХАРИУЦЛАГА хүлээж байгаа эх амьтан хамгийн хүчтэй.

Эндээс бид ХҮЧ ЧАДАЛ нь биеийн хэмжээ, булчингийн масснаас гардаг, тоогоор илэрхийлдэг хялбар ойлголт биш харин хойноо сэтгэлзүйн факторыг агуулдаг цогц ойлголт болохыг харж байна.

Ашгийн төлөө явж байгаа амьтан хэзээ ч жишээ нь өөрийгөө золиослох төвшний хүртэл хүч чадал гаргаж чадахгүй. Бусдын амь, амьдралыг дааж, тэдний өмнө хариуцлага хүлээж яваа амьтан л хамгийн их хүч чадлыг гаргаж чаддаг. Энэ хүч чадал нь ер бусын сэтгэлийн тэнхээтэй болох, өөрийгөө золиослох, криетавити гаргах, урд хожид сонсогдоогүй стратеги боловсруулах гэх мэтээр санаанд оромгүй олон хувилбараар илэрч болно.

Ашгийн төлөө явж байгаа компаниас хэзээ ч олигтой хүч чадал гарахгүй. Харин харилцагч, ажилтан, ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж байгаа компаниас л шинэ санаа, мэргэн санаа, суут стратеги, агуу бүтээгдэхүүн гарна. Яг үүнтэй адилаар цалингийн төлөө ажиллаж байгаа ажилтнаас хэзээ ч хүч чадал гарахгүй. Харин хамт олон, харилцагч, эх орныхоо төлөө явж байгаа ажилтан хүжийн гэрэлд ч ном уншина.

Та хэний өмнө хариуцлага хүлээдэг вэ? Та захирлын хувиар ажилтнуудаа бодож шаналдаг уу, та ажилтны хувиар хамт олныхоо өмнө хариуцлага хүлээж чадах уу?

Хэрэв та өөрийнхөө “би” гэсэн жижигхэн тойргоос гарч “мөнгө” гэсэн хүлээснээс тасарч бусад хүмүүсийн өмнө, үрээ хайрлах ээж амьтан мэтээр, ХАРИУЦЛАГЫГ сайн дураараа хүлээн авч чадваас хүч чадлын гайхмшигийг мэдрэх болно. Урд нь хэзээ ч толгойд чинь орж ирдэггүй байсан мэргэн ухаан төрөх болно. Ядарч, сульдаж байсан бие чинь ч эв эрүүл мэт болж сэргэнэ.

ХАРИУЦЛАГА бол дээд төвшний хүч чадлын нууц ажээ.

Мөн компани бол ашгийн төлөө этгээд биш юм шүү. Ашиг бол аливаа компани нийгэмд хүлээж буй өөрийн хариуцлагыг илүү сайн биелүүлэхийн тулд олж байх ёстой бензин л гэж ойлговол зохино. Өөрөөр хэлбэл хүний амьдрал нь өөрийн философи, утга учиртай бөгөөд хооллох нь бол зайлшгүй боловч хүний мөн чанар биш гэдэгтэй агаар нэгэн буй.

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд