• 5168

Сүбээдэйн стратегийн ухаан

Урианхайн Сүбээдэй баатар (1175-1248) бол менежментийн гоц авьяастан байсан юм. Дэлхийн түүхэнд амьд ахуйдаа 32 улс орныг нэгтгэж, 65 тулалдаанд ялсан өөр нэг ч цэргийн зүтгэлтэн байхгүй. Түүний зиндаанд Наполеон Бонапарт, Македонийн Александр, Ханнибал Барса аль нь ч хүрэхгүй гэхээр ойлгомжтой болно.

Ази, Араб, Европын тухайн үеийн хамгийн хүчирхэг армиудыг Сүбээдэйн менежментийн ур чадвар бут цохиж байв.

Монголчууд хүчирхэг Зүрчидийн Алтан улсыг буулган авах гэж хорь гаруй жил байлдсан байдаг. Эцэст нь Европыг дайлж байсан Сүбээдэйг буцаан дуудахаас өөр аргагүй болжээ. Сүбээдэй гайхамшигтай стратеги хэрэгжүүлж тэднийг сөнөөхөд Алтан улсын алдарт жанжин Ван Хэда өөрийг нь цаазлахаас өмнө Сүбээдэйтэй уулзуулж өгөхийг хүсжээ. Тэрээр

“Тань шиг агуу удирдагч тохиолдлоор биш харин хувь тавилангаар төрсөн буй заа. Нэгэнт таны барааг харсан тул, одоо үхэхэд надад гомдох зүйлгүй”

гэж хэлсэн байдаг. Ван Хэда бол цэргийн маш чадварлаг жанжин байсан бөгөөд өмнө нь Монголын гурван армийг бут цохисон байжээ.

Менежментийн ухаанд стратеги, тактик онцгой чухал үүрэгтэй. Ер нь менежмент гэдэг бол стратеги боловсруулж, түүнийгээ чадмаг хэрэгжүүлэх (тактик) ухаан юм гээд хэлчихэд ч буруудахгүй. Өнөөгийн Америкийн цэргийн академид Сүбээдэй хэмээх тусгай хичээл орж түүний стратеги, тактикуудыг судалж байна. Оросууд бүүр 1800-аад оноос эхлэн цэргийн академидаа Сүбээдэйн стратеги тактикийг зааж эхэлсэн байдаг.

Дэлхийн хоёрдугаар дайнд Сүбээдэйн стратеги, тактикуудыг олноор нь хуулбарлаж хэрэгжүүлсэн. Тэдний нэг нь Утаан Хөшиг байв.

Сүбээдэй өөрөөсөө том армиудтай тулахдаа утаан хөшгийг чадамгай хэрэглэдэг байв. Тэрээр дайсны армийг морин цэргийн тусламжтайгаар хэд хэд хэсэглэн хуваагаад, хоорондуур нь утаан хөшиг татаж орхидог байв. Ингэснээр нэг тулааны талбарт буй боловч, бие биенийгээ харж чадахгүй хэд хэдэн жижигхэн армиуд болгон хувааж хүчийг нь сулруулна гэсэн үг. Тэрээр мөн өөрийнхөө цэргийн хөдөлгөөнийг нуух зорилгоор ч утаан хөшгийг ашигладаг байсан юм.

Хэрэв Сүбээдэй баатар амьд байсан бол бидэнд ингэж хэлэх байсан болов уу.

“Ямар ч бэрх асуудалд таарах стратеги нь олдоно. Гагцхүү асуудал нь яг юу вэ гэдгээ тодорхойлох нь чухал байдаг юмаа.”

Сүбээдэйн хувьд яг энэхүү дүрмээр байлдан дагуулалтаа хийсэн байдаг. Тэрээр нөхцөл байдал, тулгараад байгаа асуудлыг уйгагүй судлан үзэж, огтхон ч сандрахгүйгээр таарах стратегийг нь боловсруулдаг байв.

Тухайлбал 1223 онд Орос Куманы хамтарсан 80,000 цэрэг бүхий армитай Сүбээдэй ердөө 20,000 цэрэгтэй тулсан. Ийм нөхцөл байдалд Сүбээдэй маш энгийн тактик хэрэглэсэн байдаг. Тэрээр Оросын армируу халз дайрмагц цохиулсан дүр үзүүлэн гэдрэг ухарч 9 өдрийн турш зугатаасан байна. Араас нь элдсэн Оросын арми 9 өдрийн газар сунаж, сунгасан бохь шиг болоод ирмэгц гэнэт эргэж ээлж дараалан цохисоор армийг нь бүхэлд нь сүйрүүлсэн байдаг. Оросын арми 9 өдрийн газарт сунасан гэхээр, нэг өдрийн газар тус бүрт 10,000 орчим цэрэг байсан гэж ойлгож болно. 20,000 цэргээр 80,000 цэргийг дийлэх боломжгүй, харин 20,000 цэргээр 10,000 цэргийг төвөггүй ялж болох билээ.

Түүхэнд Сүбээдэй шиг стратеги, тактикийг баруун зүүн гар мэт хослуулан мэргэшсэн удирдагч дахиж төрөөгүй юм.

Тэрээр Польш болон Унгарыг эзлэхдээ 500-1000 километрийн өргөн фронтоор довтлож, нийт 100,000 орчим хүнтэй, 5 хүртэл тооны, бие биенээсээ олон зуун километр алслагдсан армиудыг зохион байгуулж байв. Дэлхийн түүхэнд, өмнө нь ийм далайцтай стратеги хэрэгжүүлсэн удирдагч байгаагүй юм. Түүний армиуд яг л орчин үеийн армиуд шиг хоорондоо нарийн харилцаа холбоотой ажиллаж Польш, Унгарын ноёд хүчээ нэгтгэхээс нь өмнө нэг нэгээр нь цохиж дуусгасан гэдэг. Түүнээс жишээ авч орчин үеийн өргөн фронтоор довтлох стратеги хөгжсөн юм.

Сүбээдэй дан ганц илд мэсээр байлдаагүй юм. Тэрээр маш хүчирхэг тагнуулын аппарат байгуулж, дайсны хөдөлгөөн, ноёдынх нь зан авир, цэрэг зэвсгийн байдлыг нь бүрэн судалж байж байлдаанд ордог байв. Мөн Сүбээдэй пи-арын маш ахисан төвшний ажиллагаа явуулж, довтлох гэж буй улс орны иргэдийн санаа сэтгэлийг эргүүлэх, эзэмдэх стратегийг амжилттай хэрэгжүүлдэг байсан юм.

Хөвсгөлийн тайгаас ирсэн, бичиг үсэг мэдэхгүй цаатан хүү Сүбээдэй, өөрийн хаан, багш, удирдагч Чингисээс эдгээр стратеги, тактикууд, менежментийн ухааныг өвлөн авч, улам төгс болгон хөгжүүлсэн нь илэрхий. Сүбээдэй төрөлхийн сайн менежер байгаагүй нь ойлгомжтой. Харин тэрээр сайн сурагч байж, аливаа сайн сурагчийн адилаар багшийн заасан эрдмийг дараагийн шатанд гарган хөгжүүлжээ.

Харамсалтай нь энэ ухаан бидний үед ирсэнгүй. Чингис, Сүбээдэйгээс хойш Монголчууд менежмент, стратеги, тактикийн ухаанаа мартаж орхиод, зөвхөн эд баялаг, эрх мэдлийн төлөө хоорондоо алалцсаар өнөөг хүрчээ.

Ийм ч учраас монголчууд бид улс орныхоо хөгжлийн стратегийг одоо болтол гаргачхаж чадахгүй, гадаадын зөвлөх ирээд бидэнд хэлж өгөх болов уу гэж улс төрчид, ерөнхий сайдууд нь горьдсоор суугаа нь гутамшиг юм.

Залуучууд та бүгд менежмент, стратеги, тактикийн ухааныг эцэг дээдсийнхээ төвшинд хүртэл сурч, судлах зайлшгүй шаардлагатай байна.

Энэ нийтлэлийг уншсан залуучууд дундаас ирээдүйд Монгол улсыг дэлхийн тавцанд дахин гаргаж ирэх менежментийн лидер төрж гарна гэдэгт мөхөс би магад итгэлтэй байна.

Санал болгох нийтлэлүүд