- 3714
Домогт Jack Welson: Хүний нөөцийн менежментийн халах функц
Менежментийн ухааны амьд домог Жак Велш GE корпорацыг 20 жил удирдахдаа компанийн үнэлгээг даруй 4,000% өсгөсөн билээ. Тэрбээр менежментийн олон шинэ аргачлал гаргаж, Fortune сэтгүүлийн зууний топ гүйцэтгэх захирлаар нэрлэгдсэн юм.
Жак Велшийн хүний нөөцийн менежмент тун чанга байв. Тэрбээр жил бүр компанийн нийт менежерүүдээс хамгийн муу гүйцэтгэл гаргасан 10 хувийг халдаг практик хэвшүүлсэн байна. Түүнийг гүйцэтгэх захирал болох үед GE 411,000 ажилтантай байсан бол 5 жилийн дараа 299,000 болж буурсан байна. Гэхдээ энэ хугацаанд ашиг жил бүр дарааллан 10 хувиар өсчээ. Одоо энэ муу 10 хувийг цомхотгодог аргыг Америкийн топ 500 корпорациас 30 хувь нь хэрэгжүүлж байгаа тухай мэдээ байна.
Ном сурах бичигт хүний нөөцийн менежментийн функцийг дараах байдлаар тодорхойлсон байдаг.
- Чадвартай ажиллах хүч бүрдүүлэх
- Сургаж хөгжүүлэх
- Урамшуулалын систем бий болгох
- Хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулах
Сонирхолтой нь аль ч хүний нөөцийн номонд бүтээмж гаргахгүй байгаа, байгууллагын соёлыг хордуулж байгаа менежерүүдийг цомхотгох талаар алга. Ажилд авах талаар л байна.
Практикт ажилладаг менежерүүд бид нар буруу соёлтой, залхуу, корпорацын улс төр хийж будлиан хутгадаг ажилтан, менежерүүд байгууллагын үр дүнд яаж сөргөөр нөлөөлдгийг сайн мэднэ. Тэгтэл яагаад орчин үеийн хүний нөөцийн онолын номуудад нь энэ талаар огт байдаггүй билээ?
Компаниуд чадварлаг ажиллах хүч бүрдүүлэхийн тулд хөдөлмөрийн зах зээл дээрээс хүмүүс ажилд авдаг. Ажилд авсан 100 хүнээс чухам компанид үнэ цэнэ бий болгож чадах нь хэд байдаг вэ?
Компаниуд буруу хүн ажилд томилох тохиолдол маш их. Энэ буруу хүнийг яах вэ?
Монголын хүний нөөцийн менежерүүдээс “Танай хүний нөөцөд ХАЛАХ функц байдаг уу?” гэж асуувал ихэнх нь гайхаж толгой сэгсрэх болно.
Компаниуд шинэ, залуу ажилтанд ур чадвар, туршлага суулгаж чадна. Гэтэл туршлагатай ч гэсэн огт бүтээмжгүй ажилтнууд, менежерүүд маш олон байдаг. Алдаа гаргах, залхуурах, ажил унагах болгонд нь топ менежмент толгойг нь илээд байх юм бол бусад ажилтнуудад сөрөг сэдэл төрүүлж эхэлдэг. “Энэ ингээд болж байхад би энд улайрч ажиллах хэрэг байна уу?” гэж ямар ч эрүүл хүн бодно.
Хүмүүс юмаа ойлгохгүй байгаа, шинэ залуу ажилтныг ойлгож уучилж үздэг. Гэтэл компанид зөвхөн удсан, олон хүн таньдаг гэдгээрээ, мөн дотоод улс төр хийдгээрээ тогтож ажилладаг хүмүүс байгууллагын соёлыг доройтуулаад зогсохгүй, бүтээмжийг бүх төвшинд нурааж байдаг. Хэрэв ийм хандлагатай хүн чухал функц хариуцаж, хүмүүс удирддаг бол том аюул.
Яагаад ХАЛАХ функц компаниудад байхгүй байна вэ. Яагаад гэвэл компаниуд гүйцэтгэлээ хэмжиж чадахгүй байна. Компанийн ажилтан, менежер бүр тухайн жилд ямар үнэ цэнийг авчирсан бэ гэдгийг хэмжиж чадахгүй байгаа компани эргээд дотоод улс төрийн талбар л болж хувирна. Тийм компаниас эсрэгээр бүтээмж өндөртэй ажилтнууд нь дайжиж эхлэнэ.
Танай компанид ХАЛАХ функц бий юу?
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг