- 2376
Sugar coating
Барууны улс орнуудад бизнес, менежментийн харилцаа нийгмийн соёлд нь гүн суусан байдаг. Өөрөөр хэлбэл бага хүүхэд байхаасаа эхлээд л соёлоороо дамжуулж энэ харилцааг суралцдаг. Харин бид өөр. Бид дөнгөж одоо л бизнес, менежментэд суралцаж байна.
Гэтэл барууны менежментийн онолын номууд эдгээр соёлын элементүүдийн талаар дурддаггүй. Тийм ч учраас миний бие энэхүү блогийг хөтлөж, монголын байгууллагуудад хэрэгтэй туршлагуудыг тоймлон хүргэж байгаа билээ.
Энэ удаад би монголд түгээмэл байгаа Sugar Coating хэмээх айхтар хор хөнөөлтэй үзэгдлийн тухай бичих гэсэн юм.
Бид гашуун амттай эмийг чихэрлэг бодисоор бүрж (sugar coating) хэрэглэдэг. Үүнтэй адилаар хүмүүс бие биендээ муу мэдээг чихрээр бүрж хүргэх зөн совинтой байх нь зүйн хэрэг. Харин менежмент бол огт тусдаа. Ингэж болохгүй.
Гэтэл монголын ихэнх компаниудад ажилтнууд нь менежерүүддээ, менежерүүд нь захирлууддаа sugar coating хийх нь хэвийн үзэгдэл болсон байна. Өөрөөр хэлбэл гал гарч эхлэхэд менежер хяналтаа алдсан боловч бүрэн хянаж байгаа мэтээр захирлууддаа ойлгуулахыг sugar coating гэж хэлж болно.
Баруунд бизнесийн харилцаанд болж байгаа үйл явдал, нөхцөл байдлыг яг байгаагаар нь дээд удирдлагадаа танилцуулах нь хэвийн соёл болж тогтсон байдаг. Харин манайд боловсролын системэд энэ талаар огт заадаггүй, соёл болж хэвшээгүйгээс sugar coating хийх нь өдөр тутмын үзэгдэл болжээ. Хүмүүс үүнийгээ “завгүй байхад нь санааг нь зовоогоод яахав”, “би өөрөө энэ хавиараа аргалчихаж болох байх”, “хэсэг зуур харзная” гэх мэтээр тайлбарладаг.
Гэтэл үнэн хэрэгтээ гал нэгэнт гарсан бол зогсдоггүй, улам газар авч унтраахын аргагүй болдог. Үүнтэй адилаар бизнес болон менежментэд том асуудал тулгарсан бол эртхэн нөөц бололцоогоо дайчилж шийдвэрлэх нь хамгийн чухал байдаг болохоос. Бие биенээ sugar coating хийж хуурах нь ямар ч үр ашиггүй. Эцсийн дүндээ байгууллага болж нэгдсэний шалтгаан нь асуудлыг нээлттэй, хамтарч шийдвэрлэх явдал шүү дээ.
Та менежерийн хувьд энэ асуудлыг хойшлуулалгүй өөрийн хуваарьтаа оруулж. Магадгүй энэ долоо хоногтоо бүх ажилтнуудын хурал зарлаж, асуудлыг яг байгаагаар нь, бодитой танилцуулахын ач холбогдлыг. Мөн муу мэдээ авчирсан хүнийг муухай харах биш харин ч шагнаж урамшуулах талаар нэгдсэн ойлголт өгч болох юм.
Бизнест тулгарсан аливаа асуудал, сөрөг нөхцөл байдал яг л галтай адил хугацаа өнгөрөх тутам улам газар авч унтраахын аргагүй болдог. Ийм учраас компаниуд sugar coating соёлоос татгалзах нь амжилтын том түлхэц болох болно.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг