• 4946

Сэтгэл зүйд суурилсан хүний нөөцийн удирдлага

Хүн нэг цаг мөчид нэг л сэдвийг бодож чадна. Танай ажилтнууд юу бодож байна?

Ихэнх Хүний нөөцийн ном энэ ухааны гүнрүү орж чаддаггүй юм шиг санагддаг. Сонинд ажлын зар гаргах, анкетаар ажилтан шалгаруулах, сургалтанд хамруулах, ажилд авах, халах, шинэ жилийн баяр зохиох тэргүүтнээр танай байгууллагын хүний нөөц хязгаарлагдаж болохгүй.

Орчин үед Хүний нөөцийн удирдлага гэхээр Сэтгэл зүйн удирдлага гэж бодогддог болж. Өөрөөр хэлбэл энэ ухаан ажилтнуудын сэтгэл зүйг зөв залж чиглүүлэх тухай ярьж эхэлсэн гэсэн үг. Энэ нь төлөвлөөд, зохион байгуулаад, хянаад болчихдог зүйл биш юм.

Хүн нэг цаг мөчид нэг л сэдэв бодож чадна. Танай ажилтнууд юу бодож байна?

Харамсалтай нь манай байгууллагуудад “дэргэдээсээ дайсан хайх синдром” маш түгээмэл байна. Улс төрчдийг жишээлж харъя л даа. Улс орныг яаж хөгжүүлэх, өрсөлдөгч улсууд хаана байгаа, иргэдээ яаж чадвахжуулах тухай бодож байна уу. Эсвэл яаж өрсөлдөгч хүн, фракцыг унагаахад бодол санаа нь төвлөрч үү.

Үүнтэй адил танай байгууллага дотор ямар яриа болж байна. Хүн бодсон зүйлээ л ярьдаг. Ярьсан зүйлээ хийдэг.

Өрсөлдөгч байгууллага ямар байдалтай байгаа, зах зээл дээр яаж томрох, харилцагч нартаа яаж хүрч үйлчлэх тухай яриа болж байна уу. Эсвэл “дэргэдээсээ дайсан хайх синдром” хавтгай байна уу?

Хэрвээ та эзэн, захирал бол таны үүрэг чухамдаа ажилтнуудынхаа бодол санааг зөв зүгт чиглүүлэхэд л оршиж байгаа юм. Дэргэдээсээ дайсан хайгаад, бүтээгдэхүүнээ яаж сайжруулах тухай боддоггүй. Өрсөлдөгчөө огт сонирхохгүй мөртлөө, дэргэдэх хүнээ өөчилж суудаг хүмүүс олширвол танай бизнес сүйрнэ.

Монголын байгууллагууд сэтгэл зүйд суурилсан хүний нөөцийн удирдлагад шилжих цаг нэгэнт болжээ.
 
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд