• 2779

Туршлага чухал уу?

Хэдэн жилийн өмнө монголын томоохон группийн шинэ жилийн баярт оролцлоо. Хөндлөнгөөс ажиглаж суухад тойрог хэлбэрээр суусан ажилтнууд гүйцэтгэх захирлынхаа мэндчилгээг ч олигтой сонссонгүй, эндээс эхлээд л баяр ямар нэг үр дүнгүй олон зуун сая төгрөг зарцуулсан нэг тийм нүсэр том уулт л болж хувирлаа.

Бизнесийн өнцөгөөр бол шинэ жилийн баяр нь ХҮНИЙ НӨӨЦИЙН МАШ ЧУХАЛ ТӨСӨЛ юм. Энэ төсөл өөрийн гэсэн өртөгтэй, зардалтай. Бүх ажилтнаа цуглуулчихлаа. Төсөл юм чинь мэдээж зорилготой байх ёстой. Зорилго нь мэдээж том зааланд олон зуун хүн архи уух явдал биш. Аливаа төсөл нь заавал үр дүнгээ хэмжиж үздэг, дараа дараагийн шинэ жилийн баяр дээрээ өөрчлөлт, сайжруулалт хийх замаар үр өгөөжийг нь улам нэмдэг байх ёстой.

Хэзээ танай компанийн захирлууд шинэ жилийнхээ баярын дараа тойрч суугаад туршлагаа ярилцсан бэ? Дараа жилийнхээ баярыг хэрхэн илүү үр дүнтэй хийх талаар ярилцсан бэ? Магадгүй хэзээ ч үгүй байх тийм үү. Энд л танай компанийн менежментийн алдаа оршиж байгаа юм.


Алдаа

Бид бизнес хийх явцдаа тасралтгүй алдаа гаргаж байдаг. Энэ алдаа нэг бүр нь бидний туршлага болж байгаа юм. Бид алдаа гаргахдаа олон зуун сая, магадгүй хэдэн тэрбум төгрөгний алдагдал гаргаж байдаг. Өөрөөр хэлбэл тэр туршлага тийм их үнээр бий болдог. Дөнгөж сая бий болсон туршлагыг олж харж, олж авч, хоорондоо ярилцах замаар өөрсдийн ирээдүйн менежментийн мэдлэг-нөөц болгон хувиргах чадвар нь CEO хүний гол ажлуудын нэг мөн.

Шинэ бүтээгдэхүүн гаргах, шинэ үйлчилгээ гаргах, шинэ журам гаргах, шинэ процесс гаргах бүртээ бид алдаа гаргаж байдаг. Гэтэл менежерүүд, захирлуудын зөвлөл дээр энэ асар их хөрөнгө болох туршлагыг огт ярилцдаггүй. Эсрэгээр “…энэ жил 3 бүтээгдэхүүн гаргалаа…”, “… энэ жил …  төгрөгний борлуулалт хийлээ…” гэх мэтээр коммунист тайлан тавьж байгаа аятай дүр эсгэцгээх нь түгээмэл байна, монголын компаниудад.

Жишээ хэлэхэд компаниуд харилцагч нартаа зориулж форум, семинар зохион байгуулдаг. Зохион байгуулах ажлын хэсгийнхэн ихэвчлэн форумын өдөр хүртэл нойр хоолгүй ажиллаад, форум болоод дуусмагц “…ёоххх…” хэмээн сэтгэл амарч тэр форумын талаар дахиж огт дурсахгүй дараа жилтэйгээ золгодог. Энэ бол аймшигтай том менежментийн алдаа юм.

Менежментийн туршлагыг мэдлэг болгож хувиргах ажил форумын дараагийн өдрөөс эхлэх ёстой. Гаргасан бүх алдаа, олж авсан бүх туршлагыг компанидаа тогтоон барьж авах ёстой юм.

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд