• 5174

Стратеги гэж юу вэ?

Менежмент, бизнест хамгийн чухал ойлголт нь СТРАТЕГИ боловч, харамсалтай нь маш цөөхөн захирлууд л стратегийг бүрэн ойлгодог.

Учир нь бизнесийн сургуулиуд стратегийг ойлгуулах тал дээр ядруухан ажил хийдгээс гадна, хүний жирийн, шугаман логик нь стратегич сэтгэлгээний эсрэг байдаг тул байдлыг төвөгтэй болгодог. Тэгэхээр бид стратегийг зөв өнцгөөс нь харж чадах юм бол энэ нь тийм ч төвөгтэй ойлголт биш юм гэдгийг мэдэх болно.

Стратеги

СТРАТЕГИ бол цогц нөхцөл байдалд /комплекс/ зориулсан цогц шийдэл /комплекс/ юм. Комплекс нөхцөл байдал гэхээр бид дотроо олон бүрдэл хэсэгтэй, өөр хоорондоо хамааралтай, нийлмэл үйл явдлууд гэж төсөөлөх хэрэгтэй.

Жишээ нь, Батаа Уянгаа хоёрын гэр бүлийн маргаан бол цогц нөхцөл байдал байна. Гэтэл Батаа, Уянгаа хоёрын гэр бүлийнхэний хувьд энэ маргаан нь үргэлж л хялбархан асуудал мэтээр төсөөлөгдөнө. “Батаа амиа хичээсэн учраас л…”, “Уянгаа халамжгүй учраас боллоо…” гэх мэтээр нөхцөл байдлыг жирийн, шугаман байдлаар харна.

Бодит амьдрал дээр Батаа Уянгаа хоёрын гэр бүлийн маргаанаас эхлээд бизнес, улс орон, компанид тулгарч буй ихэнх асуудал нь комплекс буюу цогц нөхцөл байдлаас үүсдэг. Тийм ч учраас зөв стратеги гаргахын тулд хийгдэх ёстой хамгийн чухал алхам бол Нөхцөл Байдлын бүрэн дүүрэн анализ юм хэмээн би хэдэн жилийн өмнөх нийтлэлдээ бичиж байсан билээ. /ЭНД дарж уншина уу./

Шугаман логик

Үүсэн бүрэлдсэн 4 сая жилийнхээ ихэнх хугацаанд амьтан хэлбэртэй байсан хүн төрлөхтөн нь аливаа асуудлыг хялбаршуулж харахаар загварчилагдсан. Гэнэт араатан амьтан дайрах, ойн түмэр гарахад хүмүүс бид асуудлыг задлан шинжилээд суучихдаг байсан бол өнөөдөр энд байхгүй байх байсан.

Асуудлыг маш богино хугацаанд хялбаршуулан харж, дүгнэлт хийх бөгөөд амиа аврахаар ухасхийхээр загварчилагдсан юм, бид. Хүмүүс асуудлыг задлан ойлгохгүйгээр шууд дүгнэлтрүү, харамсалтай нь ихэнхдээ буруу дүгнэлтрүү үсрэн ордог тухай сэтгэлзүйн олон судалгаа хийгдсэн байдаг.

Бидэнд л хялбархан мэт төсөөлөгдөөд байгаа болохоос биш Батаа, Уянгаа хоёрын гэр бүлийн маргаан хэзээ ч тийм хялбархан, ойлгомжтой, цор ганц учир шалтгаантай байгаагүй. Энэ бол цогц асуудал, цогц нөхцөл байдал юм.

Зурагт харуулсан шиг ээдрээтэй. Олон учир шалтгаантай ЦОГЦ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ шийдэхийн тулд ЦОГЦ ШИЙДЭЛ гаргах хэрэгтэй болдог. Энэ цогц шийдлийг л бид стратеги гэж нэрлээд байгаа юм.

Дүгнэлт

Бизнес эхлүүлэх, менежмент хийх, улс орон удирдах, дайн байлдаан зохион байгуулахад БИД ХЭЗЭЭ Ч ХЯЛБАР, ШУГАМАН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ нүүр тулдаггүй. Харин биднийг үргэлж л ЦОГЦ НӨХЦӨЛ байдал хүлээж байдаг. Хэрэв энэхүү цогц асуудлыг бид хялбар асуудал мэтээр харах гэж оролдох юм бол бидний бизнес дампуурлаар, менежмент сүйрлээр төгсөх нь ойлгомжтой.

Компанийн боруулалт муудсан нь бүтээгдэхүүний үнэ өндөр байсантай холбоотой гэх маягаар шугаман, хялбаршуулж харахыг заасан ном зохиол олон. Гэтэл борлуулалт муудсан шалтгааны ард маш олон нөхцөл байдал нөлөөлж байдаг. Эдгээр нөхцөл байдал нэг бүрийг анализ хийж гаргаж ирж чадвал үнээ хямдруулахгүйгээр борлуулалтаа өсгөх стратеги олдох нь гарцаагүй.

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг