• 5623

Орчин үеийн Ажайл Менежмент гэж юу вэ?

2021 оны Менежментийн Форум дээр миний багш Грегори ЛаБлан сонирхолтой илтгэл тавьсан юм. Түүний хэлснээр Амазон компани 3 секунд тутамд нэг шинэ софтвэйр нэвтрүүлж байдаг аж.  Өөрөөр хэлбэл Амазоны вэбсайт, апп, түүний ард байрлах ай-ти эко системд 3 секунд тутамд нэг шинэ өөрчлөлт орж байдаг гэсэн үг.

Монголын дундаж компаниуд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх гэж хэдэн сар судлаад, нээлтийн маркетингаа хийчихээд, үр дүнг нь хүлээгээд дахиад хэдэн сар суух нь байдаг л үзэгдэл. Энэ бол манайд хэвийн бизнес. Тэгвэл технологийн Амазон компани өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг 3 секунд тутамд шинэчилж байдаг байх нь. Хэрэв бидний гаргасан бүтээгдэхүүн алдаатай байвал (хэрвээ ч гэж, миний туршлагаар алдаагүй бүтээгдэхүүн гарна гэж хэзээ ч байдаггүй) бид түүнийг олж мэдэх гэж бүтэн нэг жил хүлээх нь ээ?!

Эндээс танай вэбсайт хамгийн сүүлд хэзээ шинэчлэгдсэн бэ. Шинэчилснээсээ хойш үр дүнг нь харьцуулж, шүүмжилж харсан уу. Дараагийн өөрчлөлтийг хэзээ хийх вэ, ирэх жилээс үү? гэх мэтээр асуулт асууж өөрийнхөө компанийн суурь хандлагыг харж болно. Танай компани унтаа менежменттэй юу эсвэл Ажайл менежменттэй юу.

Орчин үеийн амжилттай компаниуд АЖАЙЛ менежментийг хэрэглэж байна.

Тэд бүтээгдэхүүн, үйлчилгээ, процессоо тасралтгүй шинэчилж байдаг. Ямар ч бүтээгдэхүүн төгс байж чаддаггүй тул төгсөд тэмүүлэхийн тулд өдөр тутам хөгжүүлэх хэрэгтэй болно.

АЖАЙЛ менежмент гэдэг бол алдааг хурдан олж засварлахын тулд бүтээгдэхүүнийг маш хурдан зах зээлд нэвтрүүлж, маш хурдан буцаан татаж, дахин хөгжүүлэх цогц үйл юм.

Чухамдаа, зөвхөн бүтээгдэхүүн гэхгүйгээр журам, үйлчилгээний процесс, хүний нөөцийн сонгон шалгаруулалтын процесс гээд менежментийн бүхий л функцийг АЖАЙЛ болгох хэрэгтэй юм.

Манай компаниуд 10 жилийн өмнө бичсэн журамтай, “…журман дээр ингэж байгаа учраас болохгүй…” гэж хэлдэг дунд шатны захирлуудаар дүүрсэн байдаг. Гэтэл журам гэдэг бол бидний үйл хөдлөл. Процессийг заагч юм. Хорвоо, дэлхий, харилцагч, өрсөлдөгч секунд тутамд өөрчлөгдөж байхад бид галавын үеийн хоцрогдсон журмаараа өөрсдийгөө хүлээд сууна гэдэг бол сүйрлийн цондон.

Монголын менежерүүд олон улсад гарч өрсөлдөхийн тулд АЖАЙЛ хандлагатай болох хэрэгтэй. Ямар ч бүтээгдэхүүн дуусаагүй. Ямар ч вэбсайт төгсөөгүй. Харин түүний оронд бид тасралтгүй шинэчлэхэд, сайжруулахад бэлхэн байх хэрэгтэй.

Амазон компаниас эхлээд хөгжлийг секундын хэмжүүрт авчирч байна. Хятад, Европын гээд олон компаниуд үүнийг дагаж, өрсөлдөхөөр хичээж байгаа нь лавтай. Харин монголын хөгжил дэвшил, эдийн засагт бүтээгдэж буй баялагийг авч явдаг менежерүүд маань залхуурлаасаа сэрж, орчин үетэйгээ хөл нийлүүлж алхахгүй бол болохгүй нь ээ.

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд