ресторан-хамгийн-их-дампуурдаг-бизнес
  • 2443

Ресторан хамгийн их дампуурдаг бизнес

Рестораны бизнес хамгийн их дампуурдаг гэлцдэг. Барууны статистикаас үзэхэд эхний жилдээ 4 шинэ ресторан тутмын 1 нь үүдээ барьдаг бол, 10 жилийн дотор 70% нь дампуурдаг аж.

Энэ дүр зураг Улаанбаатар хотод ч маш тодорхой харагдана. Улаанбаатар хотод нийт 491 ресторан, цайны газар байдаг ажээ. Бараг хүн бүр л ресторан, хоолны бизнес эрхлэх тухай ярьж байгаа нь сонсогддог учраас өрсөлдөөн маш ширүүн байж таарна.

Түргэн хоолны газраас эхлээд 1 тэрбум төгрөгөөр интерьер хийсэн тансаг ресторан хүртэл бүтэлгүйтэхийг би харж байлаа. Хэдийгээр маш гоё view-тэй боловч, өндөр шилэн барилгуудын оройд байрлах ресторанууд хоосон байвал гайхах зүйлгүй.

Миний харснаар ресторан амжилттай ажиллахад, ихэнх хүмүүсийн боддог шиг тансаг интерьер, view, байршил, өвөрмөц хоол төдийлэн чухал биш юм. Улаанбаатарын хамгийн сайн ресторануудыг харахад харин ч хямдхан тавилгатай, интерьер гойд биш, байршил нь орж гарахад төвөгтэй байдаг. Тэгэхээр өөр л шалтгаан байна.

Амжилттай ажиллаж байгаа рестораны бизнесээс би хоёр газрыг сонгож онцлогийг нь дүгнэе гэж бодлоо. Тэдгээр нь Veranda ресторан болон Сакура бэйкэри кафе.

Бизнес санаа

Монголчууд бид бүгд л бууз, хуушуур, цуйван идэх дуртай. Бууз бол бүүр бидний баярын ширээний хүндэт зоог. Гэтэл сонирхолтой нь ресторан, гуанзанд бууз, хуушуурыг дандаа хамгийн муу махаар хийдэг шүү дээ. Цуйван болохоор нэг удаа идэхэд амттай. Дараагийн удаад тос нь ихэдсэн. Удаад нь хатуу махтай гэх мэт хэзээ ч нэг стандартаараа байж чаддаггүй.

Би Сөүл хотод нэг удаа алдартай Солянтан шөлний газар орж билээ. Тэр газар нь манайхаар бол жижигхэн гуанз. Гэхдээ хүн пиг. Хоол нь ч яг л гэрийн мэт амттай, үнэ нь ч бас чамгүй.

Тэгээд би бодлоо. Хэрэв би нэг сайхан бууз, цуйван, хуушуур идье гэвэл очих газар байна уу гэж. Байдаггүй юм байна. “Тэндэхийн бууз үгүй мөн сайхнаа” гэж хэн нэгэн ярьж байсныг би амьдралдаа сонсоогүй юм байна.

Гол нь сэтгэл шингээж хийсэн амт, боломжийн үнэ, халуун дулаан орчин байхад рестораны бизнес амжилттай байх болно.
 
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд