• 3676

Аз жаргалтай амьдрал

        ХОТЫН АМЬДРАЛ бол НҮҮДЭЛЧИН бидэнд шинэ зүйл. Иймд бидэнд хотод яаж амьдрах ухааныг заадаг сургууль, аав, ээж, үлгэр домог гэж үгүй.
Хотын амьдралыг буруу ойлгосон бид бухимдах, ядуурах, аз жаргалгүй байх нь маш түгээмэл ажиглагдах юм. Тэгвэл хотын амьдрал гэж юу вэ?
Гадаадын санхүүчидтэй нөхөрлөж, тэдний амьдралыг өөрсдийн амьдралтай харьцуулах явцад олж авсан #МэргэнУхаанаас хуваалцая.
  1. Юуны өмнө АМЬДРАЛ гэдэг нь АЖИЛ ба ГЭР БҮЛИЙН аль нэгнийг нь сонгох тухай асуудал биш юм шүү.
Компанид ажиллаж байгаа ажилтнууд, захирлуудтай ярьж байхад ажил ба гэр бүлийнхээ алинийг нь сонгох тухай олонтаа ярьж таарна. Энэ нь нүүдэлчин хүнийхээр мал ба гэр бүлийнхээ алинийг нь сонгох вэ гэж ярихтай агаар нэгэн зүйл.
       Хүн өглөө гэрээс гарахдаа өмд ба цамцны алийг нь өмсөж гарах вэ гэж бодохгүй. Яг үүнтэй адил өмд ба цамцтай адил хамтдаа байж амьдралыг утга учиртай болгодог зүйлс нь АЖИЛ ба ГЭР БҮЛ юм. Энэ хоёр цуг байж утга учиртай болохоос биш аль нэгнийг нь сонгох, чухалчилах асуудал байхгүй.
 
Тэгэхээр гэр бүлээ тэжээх гээд л ажил хийгээд байгаа юм шиг ярьдаг, боддог хүн бол цаашид ядуу чигээрээ дуусах нь баталгаатай гээд хэлчихье. Ажилдаа дурла, гэр бүлээ хайрла.
 

2. АЖИЛ ба ГЭР БҮЛЭЭ шийдсэний дараа нүүдэлчидэд дутагддаг дараагийн том бүрдэл бол НИЙГМИЙН АМЬДРАЛ юм. Бие биенээсээ хэдэн арван жил амьдарч ирсэн бидэнд ямар нэг Клуб, Холбоо, Нийгэмлэгийн сайн дурын ажлын уламжлал, соёл гэж байсангүй. Одоо ч алга.

Би нэг үе урт наслалт судалж байв. Дэлхийн хамгийн урт насалдаг Италийн нэг хотын хүмүүс адилхан л архи дарс ууж, өөх тостой мах идэх юм гэнэ. Яагаад урт наслаад байгаа юм бол гээд өөр фактороос судалж үзтэл энэ жижигхэн хотын иргэн бүр 2-3 клуб, холбоо, сайн дурын нийгэмлэгийн гишүүн байж гэнэ. Өөрөөр хэлбэл энэ хүмүүст гэр бүл, ажлаас гадна нийгмийн амьдрал маш идвэхтэй байжээ.
 
        Монголчууд нэгэнт нүүдэлчид тул Клуб, Холбоо гэхээр очоод нэг юм авна гэж шууд төсөөлдөг. Хэдэн хүнтэй танилцаж аваад мурина. Тэр Клуб, Холбооны нийгэмд хийх гээд байгаа ажил нь огт хамаагүй. Сонирхох ч үгүй.
 
20 жилийн хугацаанд хэдэн арван клуб, холбоо байгуулж, гишүүн, дарга болж явсан хүний хувиар би маш сайн мэдэж хэлж байна.
       Суусан газраасаа шороо атгаж босдог, юм тарьж үлдээх тухай огт мэдэхгүй нүүдэлчин хүний хувьд ойлгоход хэцүү. Гэхдээ л бид 5,000 жил хотод амьдарчихсан Еврей, Итали, Хятадуудаас суралцахаас өөр зам алга. Өөрчлөгдөхөөс өөр гарц алга.
 
      Нийгмийн идвэхтэй байж, чин сэтгэлээсээ ашиг хонжоо, амин хувиа хичээх тухай биш харин нийгэмд өгөх зорилгоор аль нэг клуб, холбооны гишүүн болоорой. Байхгүй бол өөрөө байгуул. Маш их туршлагажиж #МэргэнУхаан суудаг шүү нөхдөө.
Шатрыг түгээхээс эхлээд Уран хатгамалын гээд цаашаа Секторын хөгжлийн гэх мэт ямар ч клуб, холбоо байж болно оо.
 
        За ингээд энэ удаагийн #МэргэнУхаан /Wisdom/ юу гэж зааж байна гэхээр…
Аливаа хүн ГЭР БҮЛ, АЖИЛ, НИЙГМИЙН амьдралыг нэгэн зэрэг сэтгэлдээ багтааж, энэ гуравт ижил цаг зарцуулж /Сошиал ухах, багын найз нэртэй хүмүүстэй архидах, ТВ үзэхтэй харьцуулахад өчүүхэн л цаг орно, итгэ/ чадвал МӨНГӨ, АЗ ЖАРГАЛ бялхан орж ирэх болно шүү. Амлая.
 

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд