• 1895
  • 0

Зангуу төсөөллийн гажуудал ба бизнес төлөвлөгөө

Нобелийн шагналт, сэтгэлзүйч Даниел Каннман хүний өдөр тутмын шийдвэр гаргалтад нөлөө үзүүлж байдаг төсөөллийн гажуудлуудыг анх нээсэн билээ.

Ихэнх хүмүүс өөрийнхөө мэдрэмж, бодол, дүгнэлт, шийдвэр гаргалтад бүрэн итгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн сэтгэн бодох үйл ажиллагаанд огтхон ч эргэлздэггүй.  Гэтэл бодит байдал дээр хүний сэтгэн бодох үйл ажиллагаа нь тэр чигтээ төсөөллийн гажуудлуудад нэрвэгдсэн байдаг аж.

Зангуу төсөөллийн гажуудал бол хүний сэтгэн бодох үйл ажиллагаанд нөлөөлдөг 100 гаруй гажуудлын нэг юм. Энэ нь хүмүүс өөр хоорондоо уялдаагүй мэдээллийг хоорондоо холбоотой мэтээр төсөөлдөг гажуудал юм.

Сэтгэлзүйч нар Германы 52 шүүгч нарт 1 жил хүртэл хорих ялтай хулгайн хэргийн материал өгчээ. Хэргийн материалд прокурорын дүгнэлт байсан боловч харин ялын хугацааг санал болгоогүй байна. Ердийн шүүх хуралд прокурор хэргийн материалыг оруулж ирэхдээ ялын хэлбэр, хугацааг санал болгодог гэдгийг та бүгд санаж байгаа байх.

Нэгэнт энэ туршилтаар прокурор ял санал болгоогүй учир эрдэмтэд өнөөх 52 шүүгчээр хос шоо шидүүлж,  шооны тоогоор прокурорын саналыг орлуулна гэж хэлсэн байна. Туршилтын дүнд өндөр тоотой шоо шидсэн шүүгч нар дунджаар 8 сарын ял төлөвлөсөн бол харин бага тоотой шүүгч нар 5 сарын ял төлөвлөсөн байна. Энэ нь өндөр тоотой шүүгч нар даруй 60 хувиар урт ял төлөвлөсөн гэсэн үг.

Энэ мэтчилэн хүмүүс өөр хоорондоо ямар ч холбоогүй мэдээллийг холбоотой мэтээр төсөөлөх нь бизнест ч гэсэн ажиглагддаг. Одоо би бизнес төлөвлөлтөд зангуу төсөөллийн гажуудал яаж нөлөөлдөгт таны анхаарлыг хандуулъя.

Монголын ихэнх компаниуд оны эцэст ирэх жилийнхээ бизнес төлөвлөгөөг баталдгийг та мэднэ.

Компанийн захирлууд бизнес төлөвлөгөө, төсөв боловсруулах ба үүнийгээ ТУЗ-д танилцуулж батлуулдаг. Сонирхолтой нь эдгээр бизнес төлөвлөгөө, төсөвт нийтлэг шинж ажиглагддаг нь тэр чигтээ өмнөх жилийнхээ гүйцэтгэлд суурилсан байдал юм.

Ихэнх компаниуд өнгөрсөн жилийнхээ борлуулалтыг 10%, ашгийг 5%, зардлыг 15% гэхчилэн өсгөж тавьдаг. Гэтэл бодит амьдрал дээр ирэх жил нь өнгөрсөн жилтэй төстэй байх баталгаа бий юу. Украйны дайн, Ковид тахал, Дэлхийн санхүүгийн хямрал, Эдийн засгийн уналт, Эдийн засгийн огцом өсөлт, Шинэ технологийн нээлт, Өрсөлдөгч гэнэт гарч ирэх гээд үй олон шинэ үйл явдал тохиолдож болно.

Хэрэв эдийн засгийн өсөлт 5% байгаа бол борлуулалт 10% өсөх нь хэвийн л үзэгдэл. Харин энэ тохиолдолд өндөр цалинтай гүйцэтгэх захирлын хэрэг байна уу. Өмнөх жилийн гүйцэтгэлд суурилсан төлөвлөгөөтэй компани нь угтаа автопилот дээр тавьсан онгоцтой л ижил юм.

Тэр компанид гүйцэтгэх захирлын хэрэг гэж алга. Тэр хүний гаргах шинэ стратеги, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ төсөл, шинэ менежмент хаана байна вэ?

Өнгөрсөн жил 10 тэрбумын борлуулалт хийсэн бол ирэх жил заавал 11 тэрбумын борлуулалт хийх албагүй. Харин 20 тэрбумын борлуулалт хийхийн тулд шинэ стратеги боловсруулж ТУЗ-даа танилцуулах нь гүйцэтгэх захирлын ажил билээ.

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

НИЙТЛЭЛ ЯМАРХУУ БАЙСАН БЭ?
+1
35
+1
1
+1
1
+1
0
+1
2

Сэтгэгдэл бичих

Зүй бус үг ашиглахгүйгээр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, сэтгэгдэл бичих соёлыг Монголдоо түгээе.

Санал болгох нийтлэлүүд