- 2299
Менежментийн А тоглогч, Б тоглогч
Стив Жобсын “Өлсгөлөн бай, Тэнэг бай”, “А тоглогч А төвшний тоглогч нарыг авчирдаг, харин Б тоглогч С төвшний тоглогч нарыг авчирдаг” гэсэн эшлэлүүдийг та бүгд сонсож байсан байх.
Эдгээр эшлэлүүдийг ойлгохын тулд стратеги, менежментийн тодорхой хэмжээний туршлагатай байхаас өөр аргагүй.
Өнөөдөр би Ganzorig Business School сургуулийн шавь нартаа А тоглогч, Б тоглогчийн талаарх маш чухал ойлголтыг тайлбарлая гэж бодлоо.
Өнгөрсөн жилүүдэд би олон хүмүүсийг хэлтэс, газрын захирал, гүйцэтгэх захирлаар томилж ажилласан байдаг. Энэ явцдаа эдгээр хүмүүс нь нэг бол А тоглогч, эсвэл Б тоглогч гэсэн хоёр ангилалд хуваагдаж болохыг харсан юм.
А ба Б тоглогч
А тоглогч бол өндөр бүтээмжтэй, чадварлаг менежер төдийгүй байнга өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг. Тэрээр өөрөөс нь илүү буюу дутахгүй хүмүүсийг ажилд авахаар хайж байдаг бөгөөд ажилтнуудаа байнга хөгжүүлж, өөрөөс нь давж гарвал бахархах хүсэлтэй менежер билээ. Ийм учраас А тоглогч нар үргэлж А тоглогч нарыг олж төрүүлж байдаг юм.
Б тоглогч бол мөн л бүтээмж сайтай, ажлыг сайн гүйцэтгэдэг менежер юм. Гэхдээ Б тоглогч өөрөөс нь илүү чадвартай хүмүүсээс болгоомжилдог, эргэн тойрондоо комфорт буюу тав тухай орчин үүсгэх эрмэлзэлтэй менежер юм. Б менежер нь өөрийгөө хөгжүүлэх тал дээр маруухан учраас өөрийг нь сорьж мэдэх, албан тушаалд нь заналхийлж болзошгүй ажилтнуудаас зайгаа барьдаг.
Энэ утгаараа Б тоглогч нь өөрийнхөө доор хэзээ ч А ба Б тоглогч нарыг ажиллуулахгүй. Өөрийнхөө тав тухыг бодоод С төвшний тоглогч нарыг доороо авч ажилдуулдаг байна. Эндээс бид С тоглогч бол хамгийн бүтээмж муутай, чадвар муутай, сул дорой ажилтан гэдгийг харж болно.
Аливаа компани хувь менежерүүдийн айдас, тав тух эрхэмлэх байдлын золиос болж болохгүй. Нэг мэдсэн чинь компанийн менежерүүд нь бүгд Б тоглогч нар, ажилтнууд нь С тоглогч болсон байвал яахав?
Тэгэхээр бид менежер, захирлын албан тушаалд томилохдоо тухайн хүн А тоглогч уу эсвэл Б тоглогч уу гэдгийг нэг шалгахад гэмгүй.
Магадгүй танай байгууллага дээр учраад байгаа асуудал үүнтэй холбоотой байж мэднэ!
Та бүгд энэ нийтлэлийн доор өөрт тохиолдсон А, Б, С тоглогчтой холбоотой жишээгээ бичээрэй.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг