- 6024
Чингис хааны менежментийн хоёр оргил
Стратегич хүний гол онцлог нь багахан хэмжээний нөөцөөр толгой эргэм өндөр амжилт гаргах явдал билээ. Энэ шалгуураар хэмжиж үзвэл монголчууд шилдэг стратегичид байсан нь тодорхой харагдана.
Хүний тоо цөөн, зэвсэг хэрэглэл дутмаг боловч харь оронд, өөрөөсөө хүчирхэг армиудыг ялан дийлж байсныг нь бид түүхэн баримтаас мэддэг билээ.
Монголчууд Чингис хааны удирдлаган дор хүн төрлөхтөний стратеги, менежментийн ухаанд томоохон хувь нэмэр оруулсан нь түүхэн факт юм.
Чингис хааны талаар бид бахархаж ярих боловч түүний стратегич болохынхоо хувьд ямар мөн чанартай байсан талаар төдийлэн мэддэггүй нь харамсалтай. Хэрэв гадаад хүн сонирхож асуувал Чингис хаан дэлхийг байлдан дагуулсан гэхээс илүү мэдээлэл бидэнд байдаггүй.
Юуны өмнө, улс гүрэн бүр өөрийн түүхэн, агуу стратегичтай гэдгийг бид санах хэрэгтэй. Францын Наполеон, Грекийн Александр, Ромын Цезарь, Оросын Иван гээд нэрлэж болно. Гэхдээ эдгээр бүх стратегичид томоохон эзэнт гүрнийг буюу их хэмжээний нөөцийг өвлөж авсан байдгийг хэлэх нь зөв.
Тухайлбал агуу Александрийг хаан ширээнд суухад нь Македоний хаан эцэг Филип нь түүнд хүчирхэг арми, том газар нутаг үлдээсэн байв. Наполеон Францын төрд гарахад мэдээж Франц нь европ тивийн хамгийн хүчирхэг улсуудын нэг байсан. Иван, Цезарь ч мөн адил том гүрэн, том арми өвлөж авсан билээ.
Харин Чингис хаан буюу Тэмүүжин оргүй хоосноос эхлээд дэлхийг байлдан дагуулсан нь түүнийг бүх цаг үеийн хамгийн агуу стратегич, лидер гэж хүлээн зөвшөөрхөд хүргэдэг. Бусад түүхэн стратегичидтай харьцуулахад Тэмүүжингийн эхлэлийн цэг харьцуулшгүй доогуур байсныг бид ойлгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, Чингис хаан зөвхөн стратегич байгаад зогсохгүй бүх цаг үеийн хамгийн үр нөлөөтэй СТРАТЕГИЙН БАГШ байсныг бид одооноос эхлээд ойлгох нь зөв.
Дээр нэр дурдагдсан барууны түүхэн, агуу стратегич нар хэдэн стратегич нарыг төрүүлж гаргасан бэ гэдэг сонирхолтой асуулт гарч ирнэ. Харин Чингис хааны нэг хүний стратегийн их сургуулиас дэлхийд алдар цуугаа мандуулсан лидерүүд төрөн гарсан. Сүбээдэй, Боорчи, Зэв, Зэлмэ, Мухулай гээд өнөөг хүртэл улс орнуудын цэргийн академиудад судлагддаг дэлхийн түүхэн агуу стратегичдийг Чингис хаан төрүүлэн гаргасан юм.
Зүйрлэж хэлвэл малчин залуусыг (…Боорчитой анх таарахад хонь хариулж байсан, Сүбээдэй 16 настай малчин хөвгүүн ирсэн…) дэлхийн төвшний стратегич болгож чадсан багш бол Чингис хаан юм. Ердийн залуусыг ийнхүү стратегич болгож хувиргаж чаддаг энэхүү чадварт нь орчин үеийн Харвард, Оксфорд хэдэн зуун профессорууд, хэдэн мянган номтойгоо ч өрсөлдөж чадахгүй гэж бодохоор ямар агуу стратегийн багш байсныг нь бид мэдэж болно.
Хүн бүр стратегич болж болно. Менежментийн Психологи номноос стратегийн ухааны талаар илүү дэлгэрэнгүй мэдлэг олж аваарай.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг