- 3780
Компаниуд сургууль биш
Анх дээд сургууль төгсөх үед хүмүүс “ажил дээр л гарч юм сурна шүү дээ, сургуульд юу сурах вэ дээ” гэж ярихыг сонсоод бага зэрэг гайхаж байж билээ. Мэдээж хүн үхэн үхтлээ л сурна. Практик дээр сурсан мэдлэг, чадвар юунаас ч илүү үнэ цэнэтэй. Америкт ч тэр, Англид ч тэр, Монголд ч тэр яг л адилхан.
Гэхдээ бид арай л хэтрүүлсэн байна.
Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монголын компаниудад тулгамдаж байгаа хамгийн том асуудал улс төрчид, санхүүжилт, технологи аль нь ч биш, харин ХҮН байна гэж гарчээ. Би үүнийг практик дээр батлаж чадна. Монголын компанийн захирлуудын хамгийн том толгойны өвчин бол чадвартай, бүтээмжтэй хүмүүс олох явдал байдаг.
Гэтэл манай ажилгүйдлийн хувь 2016 оны эцсээр 8,4 байдаг. Нэг талд нь баахан ажил хайсан хүмүүс, нөгөө талд нь баахан ажилтан хайсан хүмүүс.
Компани бол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг машин. Тэрнээс биш сургууль биш.
Сургууль бол харин тэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг машинд чадвартай инженерүүд бэлтгэж өгөх үүрэгтэй.
Монгол хүүхэд 2 настайгаасаа эхлээд 22 нас хүртлээ бүтэн 20 жил Монголын боловсролын системээр дамжиж байж компаниудад ирдэг. Харин компаниуд эхний өдрөөс нь эхлээд 2-3 жил сургаж байж арай гэж ажлын дөртэй болгодог.
Эдийн засгийн ямар том бүтээмжийн алдагдал явагдаж байгааг төсөөлж байна уу?
Тайлан гаргаж чадахгүй нябо, барилга барьж чадахгүй инженер, бизнес төлөвлөгөө бичиж чадахгүй маркетер гээд бид урт жагсаалт хөврүүлж болно. Энэ бүх төгсөгчдийг компаниуд авч сургаж жинхэнэ мэргэжлийн дипломыг нь өгдөг гэж хэлэхэд хилсдэхгүй байх.
Хамгийн хачирхалтай нь төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд компанийн захирлууд биш харин баахан яамдын түшмэдүүд суудаг байх юм. Барилгын инженер, нябо, маркетер төгсөөд яаманд эсвэл оюутны холбоонд ажилд ордог юм уу эсвэл компаниудад очдог юм уу.
Ер нь дэлхийн аль ч улс орны боловсролын систем нь компаниуддаа хэр өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэж өгч чадаж байгаагаар л хэмжигддэг. Ректорыг улс төрчид, намууд биш компанийн захирлууд томилоод эхэлбэл их дээд сургуулиудын чанар яаж сайжрахыг төсөөлөөд үз.
Одооноос эдийн засагтаа ихийг бүтээж, хийх хүмүүсийг цэцэрлэгээс нь эхлээд бэлтгэе. 22 настай том хүн, иргэн хүн ажил дээр гараад шууд бүтээдэг, хийдэг байвал Монгол улс гарцаагүй хөгжинэ.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг