• 3554

Луйварчид хамгийн итгэлтэй хүний дүрээр ирдэг..

Бизнес хийж, компани удирдахад луйварчидтай таарахгүй өнгөрнө гэж байхгүй. Хүн төрөлхтөн байгаа цагт луйварчид зүсээ хувилгаж ямар нэг аргаар хүн ард, компаниудын мөнгө хөрөнгөнд байнга гэтэх л болно.

Сүүлийн үеийн сэтгэлзүйн судалгаануудыг ашиглан өөрийн дүгнэлт, ажиглалтаас та бүгдийн бизнесийг хамгаалах үүднээс зөвлөмж болгож хүргэе гэж бодлоо.

Бид яаж ч чадахгүй дахин дахин луйварт өртдөг гол шалтгаан нь угтаа бидний төсөөллийн гажуудлаас үүдэлтэй юм. Эдгээр төсөөллийн гажуудлуудыг доор тоймлож авч үзье.

  1. “…луйварчинг би хармагцаа гарцаагүй таних болно…”. Амьдралаас тасархай кино, зохиолууд их үзсэн бид луйварчид харваас андашгүй сорвитой, зальтай, луйварчин царайтай байдаг гэсэн фантааз төсөөлөлтэй болсон байдаг. Хэрвээ харваас луйварчин царайтай байдаг юм бол бид яагаад луйвардуулна гэж. Харин ч эсрэгээр бид хэн нэгэн этгээдэд итгэж, мөнгө төгрөг, эрх мэдэл, мэдээллээ өгсөн учраас л алддаг. Өөрөөр хэлбэл луйварчин тан дээр хамгийн итгэлтэй хүний дүрээр ирэх болно. Луйварчин хүн хамгийн сайн борлуулагч, маркетер байдаг шүү дээ.
  2. “…надад тусалсан хүнд би заавал хариу туслах ёстой…”. Борлуулагч нарын хамгийн түгээмэл ашигладаг сэтгэлзүйн техник бол харилцагчийг өөртөө өртэй мэдрэмжтэй болгох явдал байдаг гэдгийг та бүгд надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Тэгэхээр луйварчид ч гэсэн үүнийг чадмаг ашиглаж байдаг. Луйварчин ч гэлтгүй цуврал алуурчны талаар бичсэн сэтгэлзүйн номон дээрээс ч бас уншиж л байсан юм байна. Хүн өөрийг нь алах санаатай байгаа хүнийг ямар нэг байдлаар зөнгөөрөө мэдэрдэг гэнэ. Гэхдээ цуврал алуурчид заавал эхлээд тухайн хохирогчид бага зэрэг тус үзүүлэх, эелдэг зан гаргах зэргээр өөртөө өртэй болгож, энэ зөнг нь дардаг байна. Нэгэнт цуврал алуурчинд өртэй болсон хохирогч маань орцныхоо хаалгыг өөрөө онгойлгож өгөх, машиндаа суулгах, эсвэл орж суух зэргээр өөрийн мэдэлгүй хариу үйлдэл үзүүлж өөрийгөө эрсдэлд оруулдаг гэнэ. Тухайн этгээд танд гэнэт яагаад тусалж, эелдэг зан гаргаж байгааг тунгааж бодож хэрэгтэй.
  3. “…бүх хүн хүлээн зөвшөөрсөн, хэвлэлээр тасралтгүй гарч байгаа учир би итгэж байна…”. Дараагийн бидний төсөөлөлд байдаг гажуудал бол хэвлэл мэдээллээр тасралтгүй гарч, хүн бүрт танигдаад байгаа хүнийг хүлээн зөвшөөрч, хэл яриаг нь шүүхгүй итгэдэг асуудал юм. Ердөө хэдхэн жилийн өмнө л гэхэд дэлхийн түүхэн дэх хамгийн том понзичин Бернард Мадоффийн схем хагарсныг та бүгд санаж байгаа байх. Энэ хүн Америкийн хөрөнгийн захын холбооны ерөнхийлөгч, асар их нэр хүндтэй санхүүч хүн байв. Гэтэл яг угтаа бол 30 гаруй жилийн турш нэр хүндээ ашиглан баригдалгүйгээр, олон арван тэрбум долларын хоосон нүх бүхий понзи схем ажиллуулж байсан нь гэнэт илэрч дуулиан шуугиан болсон байдаг. Мадоффийн понзи схемд Стивен Спилберг хүртэл мөнгөө хийсэн байсан гэдэг.

Эндээс та бүгд өөрсдийн төсөөллийн гажуудлуудыг давж гарах замаар луйвраас урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг мэдэж авсан байхаа гэж найдаж байна.

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд