360-үнэлгээ
  • 7264

360 хэмийн үнэлгээ

Бид сэтгэлзүйн ухааныг менежментэд илүү өргөн ашиглах хэрэгтэй болж байна. Өнөөдөр нэгэн туршлагаасаа хуваалцая гэж бодлоо.

360 хэмийн үнэлгээ гэж юу вэ?

360 хэмийн үнэлгээ буюу тухайн менежерийг бүх талаас нь үнэлдэг аргачлал байдаг. Энэ бол захирлуудын чухал зэвсэг л гэсэн үг. Тухайлбал хүнийг (1) удирдлага нь, (2) доор нь ажилладаг ажилтан, (3) нэг албан тушаалын менежерүүд зэрэг үнэлэхээс гадна өөрөө өөрийгөө давхар үнэлнэ.

Хэдэн жилийн өмнө би өөрийн удирдлаганд ажилладаг менежерүүдийг үнэлж үзэхэд, нэг менежер дээр маш сонирхолтой үр дүн гарсан юм.

Мань хүн өөрийнхөө ур чадвар, бүтээмж, гүйцэтгэлээ 95% гэж үзээд байдаг. Гэтэл 360 градуст нь байгаа бүх хүмүүс дунджаар 50-60 оноо өгсөн байв. Бусад менежерүүдийг үнэлэхэд ийм том зөрүү гараагүй юм.

 Төсөөлөл ба Бодит байдал

Тэгэхээр энэ менежерийн 95% оноо нь хуурамч төсөөлөл үү, эсвэл бодит байдал уу. Хүмүүс түүнийг хэлмэгдүүлээд байна уу гэдэг асуудал босч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл цэвэр сэтгэлзүйн асуудал.

Хэрэв хүмүүсийн зөв. Өөрөөр хэлбэл энэ хүний гүцэтгэл ердөө 50-60 хувьтай нь үнэн бол. Энэ менежерийн бодит байдлын талаарх төсөөлөл ноцтой гажсан гэсэн үг. Үүнийг захирлууд онцгой анхаарах ёстой. Бодит байдлын талаар хол зөрүү төсөөлөлтэй менежер бол тэсрэх бөмбөг л гэсэн үг. Танай байгууллагад тун хортой үр дагавар учруулах болно.

Энэ менежерийн тоон үр дүнгүүдийг шалгаад үзэхэд үнэхээр 50 хувьтай үгүйтэй л байв.

Компанийн чухал функцийг удирддаг, доороо олон ажилтантай менежерийн төсөөлөл, бодит байдал хоёр ингэж хол зөрвөл, танай компани маш том хохирол амсана.

Сэтгэлзүйн ийм гажуудалд орсон хүн аливаа шаардлагыг хүлээж авч чадахаа больдог. Аргагүй шүү дээ. Өөрийгөө 95 хувьтай байна гэж дүгнэж байгаа юм чинь. Яваандаа өөрийн бодит байдлыг олж харах, хүчин чадлаа дайчлах, шүүмжлэлийг сонсох талдаа биш, харин өөрийн хуурамч төсөөллийг ямар ч үнээр хамаагүй батлах чиглэлрүүгээ орж явчих эрсдэлтэй.

Анхаарах зүйлс

360 хэмийн үнэлгээ бол менежментийн үнэхээр чухал хэрэгслүүр. Та компанидаа ашиглахдаа хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

  1. Үнэлгээ өгөгч хүн, өөрийнхөө сайн мэдэхгүй, танихгүй хүнийг үнэлж болохгүй. Энэ нь үнэлгээний чанарыг доройтуулна.
  2. Өөрийгөө үнэлж байгаа хүнд, яг бодит сэтгэгдлээрээ бөглөхийг сайтар анхааруулах ёстой. Зарим хүн даруухан байх гэж хичээгээд, эсвэл илүү бонус авна гэж итгээд бодит сэтгэгдлээсээ өөрөөр үнэлэх магадлалтай.

Үнэлгээ өгөгч өөрөө сэтгэлзүйн асуудалгүй, бусад хүмүүсийг объектив байдлаар үнэлж чадахуйц, бизнесийг зохих төвшинд ойлгодог хүн байх учиртай.
 
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд