• 14061

2021 оны бизнес төлөвлөгөөг яаж хийх вэ?

12 дугаар сар бол компаниудын хувьд маш чухал сар билээ. Энэ үеэр төлөөлөн удирдах зөвлөлүүд хуралдаж ирэх оныхоо бизнес төлөвлөгөөг баталдаг. Гүйцэтгэх захирал санхүүгийн газрынхаа дэмжлэгтэйгээр энэхүү бизнес төлөвлөгөөг боловсруулж, танилцуулдаг.

Харамсалтай нь компанийн гүйцэтгэх захирлууд жил бүр нийтлэг нэг л алдаагаа давтдаг. Энэ нь “хий хоосон өсөлт гаргах зорилт” юм. Өнгөрсөн жилүүдийн орлогын дундаж өсөлтөөр ирээдүйн орлогыг өсгөж тавьсан тэр зорилтыг хэлээд байгаа юм.

Энд үндсэндээ хоёр төрлийн алдаа агуулагдаж байдаг. Үүнд.

  1. Ирэх онд эдийн засаг, улс төр, өрсөлдөөний орчин өнгөрсөн жилүүдтэй адил байх боломжгүй.
  2. Захирлууд ихэнх тохиолдолд өсөлт гаргах зорилт тавих боловч түүнд ЯАЖ хүрэхийг тодорхойлж чадаагүй байдаг.

Дээрх хоёр асуудлыг сийрүүлж үзье.

Ирэх онд бүх зүйл өмнөх жилүүдтэй ижил байна гэж төсөөлөх нь тухайн захирал нөхцөл байдлын анализаа сайн хийж чадаагүй байгааг харуулна. Өөрөөр хэлбэл бизнест гэнэн хандаж байна гэсэн үг. Эдийн засаг, улс төр, өрсөлдөөн, хэрэглэгчийн нөхцөл байдал тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр үүнийг бүрэн тусгаж байж л бизнес төлөвлөгөө бодитой болж чадна.

2021 онд биднийг ямар нөхцөл байдал хүлээж байна вэ. Магадгүй энэ онд бүхэлдээ улс орны эдийн засаг хөл хорионд байж магадгүй боллоо. Энэ нөхцөл нь танай хэрэглэгч, өрсөлдөгч болон танай компанид ямар нөлөө үзүүлж болох вэ. Бид асуудлыг маш олон талаас нь нухацтай харж, байж болох нөхцөл байдлыг гаргаж ирснээр зөв зорилго, зөв стратегиа боловсруулах боломжтой.

Давагдашгүй нөхцөл байдал гэж байдаггүй. Ямар ч нөхцлийг давж гарч болно.

Харин нөхцөл байдлыг ойлгоогүйгээс болж буруу зорилт, буруу стратеги гаргаснаас болж л компаниуд сүйрдэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нөхцөл байдлын анализийг шашин мэт өдөр тутам хийж хэвших хэрэгтэй гэж хэлж болно.

Үүний дараа стратегигүй хий хоосон зорилго буюу хоосон лоозон дэвшүүлэх алдаа манай компаниудад түгээмэл байна.

Дүрсэлж хэлбэл “ирэх онд бид орлогоо 30 хувиар нэмэгдүүлнэ” гэх мэтчилэн зорилго дэвшүүлээд баахан санхүүгийн тооцоо, төсөөлөл хавсаргадаг. Үүнийг нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд баяртайгаар хулээн авч баталж орхидог практик бол ихээхэн танил дүр зураг юм.

Харамсалтай нь энд ТУЗ болон гүйцэтгэх захирлын гол ярилцах ёстой байсан асуудал болох ЯАЖ буюу СТРАТЕГИ ор тас орхигдсон байгааг бид харж болно. Гүйцэтгэх захирлын ажлын байрны гол зорилго нь зөв стратеги дэвшүүлж, тэрхүү стратегийг байнга эргэж хянаж байх асуудал билээ.

Стратеги байхгүй, нөхцөл байдлын анализ хангалтгүй, ердөө өнгөрсөн жилүүдийн дундаж өсөлтөөс ирэх жилийнхээ төсөөллийг гаргаж байгаа компани бол менежментийн төлөвшилгүй байгууллага мөн.

2021 оны хувьд биднийг онцгой нөхцөл байдал угтаж байна. Муу мэдээ бол хөл хорио. Худалдан авагч нар, хэрэглэгч нарын маань хөл хоригдсоноор бидний бүтээгдэхүүн, үйлчилгээг мөнгө байгаад ч худалдан авах, хэрэглэх боломжгүй болно гэсэн үг.

Нааштай мэдээ бол вакцин удахгүй орж ирэх боломжтой болж байна.

Гэхдээ энэ логистикийн олон асуудал нуугдаж байгаа. Хэзээ, хэрхэн оруулж ирэх. Хүмүүст вакцин тарихдаа хэр цаг алдаж, будилах вэ.

Тодорхойгүй асуудал бол харин улс төрчид вирусын эрсдлийг эдийн засгийн эрсдэлтэйгээ хэр сайн холбож шийдвэр гаргаж чадах вэ гэдэг асуудал юм. Манай улс төрчид популист буюу ард түмэнд богино хугацаанд таалагдах шийдвэр гаргадгаараа алдартай. Тэгэхээр вирусээс аварч байгаа мэт дүрдээ хэт ороод эдийн засгийн эрсдлээ нэмээд, эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлээд байх эрсдэл тод харагдаж байна.

Энэ бүх нөхцөл байдлыг маш сайн ойлгож байж л 2021 оны стратеги, зорилт гарах ёстой.

Эцэст нь сануулахад төгс стратеги гэдэг бол бүх цаг үед хэрэгждэг нэг стратеги биш харин тухайн нөхцөл байдалд яг тохирсон, гэхдээ өөр нөхцөл байдалд хэрэггүй хог болж хувирдаг тийм л зүйлийг хэлдэг билээ. Стратеги бол уян хатан байх ёстой. Стратегич өөрөө бас уян хатан байх учиртай.
 
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд