• 4869

Амьд үлдэх сэтгэлзүй

Ой тайгад амьд үлдэх, хоол тэжээлээ олохын төлөө ширүүн тэмцэл явагддаг. Байгалийн шалгарлын дүнд зарим амьтад онцгой ур чадваруудыг хөгжүүлсэн байх юм. Тухайлбал баавгай бүтэн өвлийг юу ч идэлгүйгээр унтаж өнгөрүүлэх чадвартай болсон бол нэгэн төрлийн гүрвэл махчин амьтанд алдсан сүүл, хөлөө бүтэн ургуулах чадвартай болжээ.

Өөрийгөө өнгөлөн далдлах, бусдыг төөрөгдүүлэх чадварыг бид онцгойлон авч үзэх хэрэгтэй. Хамелеон гүрвэл орчиндоо зохицуулж арьсны өнгийг өөрчлөн нуугдах чадватай байдаг бол эрвээхэйн далавч шувууг төөрөгдүүлэхийн тулд өвөрмөц хээтэй болсон байна.

Нийгэм бол сэтгэл зүйн тайга юм. Байгалтай адил энэ тайгад ч мөн амьд үлдэхийн төлөө ширүүн тэмцэл явагдаж байна.

Нийгмийн нэг хэсэг болох компанийг аваад үзье. Компанид олон төрлийн захирал менежерүүд ажилладаг. Тэдэн дунд бүтээмж өндөртэй, эрч хүчтэй хүмүүс байхад бэртэгчин, худалч, дүр эсгэгч, хов жив хутгагч, корпорацийн улс төр хийгч нар маш олон бий.

Бид ийм захирлуудтай олон удаа тааралддаг. Эргэлздэг. Тухайн захирал үнэхээр шудрага, хөдөлмөрч хүн үү, эсвэл хамелеон гүрвэл шиг зүсээ хувиргасан бэртэгчин үү гэдгийг мэдэх амар биш.

Нэгэнт хувьсалд орж, төөрөгдүүлэх, өнгөлөн далдлах сэтгэл зүйн онцгой чадваруудыг хөгжүүлчихсэн хүмүүст компанид үлдэх, мандах цорын ганц арга бол ажил хөдөлмөр, бүтээл бүтээмж гэдгийг ямар ч аргаар ойлгуулах гээд бүтэхгүй. Энэ нь яг л тайгад очоод ялааг баавгай шиг амьдар гэж хэлсэнтэй агаар нэгэн буюу. Нөгөө талаас эдгээр хүмүүсийг таньж ч чадахгүй насыг барах ч энүүхэнд.

Эдгээр хүмүүсийг битгий буруутга. Эд нар яг л байгалийн тайгад байгаа юм шиг нийгмийн тайгад амьд гарахын тулд өөрсдийн гэсэн онцлог, өвөрмөц чадваруудыг л бий болгосон байна. Нэгэнт толгой, гараараа бүтээл бүтээмж гаргахгүй юм чинь, ямар нэгэн аргаар тайгад амьд үлдэж л таарна биз дээ?

Чадварлаг захиралд шудрага, тууштай, хөдөлмөрч, хамтач, бусдыг гэсэн зан чанарууд төлөвшиж, нас ахих тусам төгөлдөршиж байдаг бол нөгөө этгээдэд үүний яг урвуу толин тусгал нь мөн төлөвшиж, улам бүр төгөлдөржиж байдаг.

Ийм этгээдийг менежмент болоод сэтгэл зүйн зохих ёсны туршлагагүй захирал хараад таних ч үгүй. Таних боломжгүй. Яагаад гэвэл бүтээмжгүй, чадваргүй байдлаа өнгөлөн далдлахын тулд тастуулсан хөлөө эргүүлж ургуулдаг гүрвэл мэт сэтгэл зүйн ямар мундаг цогц чадварууд бий болгосон байхыг бурхан л мэдэх байх. Хүмүүсийг төөрөгдүүлэх, өөрийгөө хэрэгтэй гэж ойлгуулах, дээр доор дэргэдээ тойрон хүрээлэгч нар бий болгож компанийг жижиглэн хуваах, хоёр хүчтэй захирлыг хооронд нь хагаралдуулах, аль нэгэнд нь зугуйдах гээд бүх л сэтгэл зүйн манипуляцыг хийх болно.

Өнөөдөр Монголын боловсролын систем бүхэлдээ дампуурсан гэж хэлж болно. Хүний сэтгэл зүйн хандлага 21 нас гэхэд бүрэн төлөвшиж дуусаад ажилд орж байгаа. Аливаа боловсролын системийн үүрэг зорилго нь тоо бодуулж сургахад биш харин сэтгэл зүйн зөв төлөвшил, хүмүүжилтэй боловсон хүчинг компаниуд, төрд бэлтгэж өгөхөд оршдог. Харамсалтай нь буруу хүмүүжсэн хүмүүс компаниудад олноор нийлүүлэгдэж байна. Захирлууд энэ нөхцөл байдлыг зөв дүгнэж, аль болох сэтгэл зүйн хувьд эрүүл орчныг бүрдүүлэхийг чармайх хэрэгтэй. Үгүй бол таныг анзаарч амжаагүй байхад байгууллага чинь худал хуурмагт тэр чигтээ живэх болно.
 
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд