35-настай-тэтгэврийн-хөгшин
  • 1824

35 настай тэтгэврийн хөгшин

Дөнгөж 30, 35, 40 настай мөртлөө тэтгэвэрийн хөгшин шиг сэтгэдэг захирлууд маш олон байна. Амьдрал-амжилт-бүтээл нь урд нь биш, харин ард нь хоцорсон мэт байдаг хүмүүсийг хэлж байна.

Харахад физиологийн хувьд залуу боловч тархин дотроо хөгширчихсөн байдаг гэсэн үг. Ийм хүмүүс дурсамж л ярина. Түүнээс биш 10 жилийн дараа хүрэх оргилын тухай ярихгүй. Тэр оргилд (вижн) танай компанийн ажилтнуудыг дагуулж аваачихгүй. Өвгөн партизан уулын хормойд суугаад дурсамжаа ярьж, өмнө нь компанид оруулсан хувь нэмрийг нь яагаад үнэлэхгүй байгаад гомдоллож 20 гаран настай залуусыг баллана.

Ийм захирлуудыг танихад маш амархан. “Хамгийн сүүлд хэзээ менежментийн ном уншсан бэ?” гэж асуухад “их сургуульд байхдаа” гэж хариулах нь хэвийн үзэгдэл. Энэ бол төөрчихсөн яваа, сурч хөгжих эрмэлзэлгүй байгаагийнх нь нотлогоо. Тэтгэвэрийн хөгшин сураад яах билээ. Захирал хүний хийдэг үндсэн ажил нь менежмент биз дээ. Гэтэл сургуульд сурч байснаасаа хойш нэг ч менежментийн ном уншаагүй явж байна гэхээр хэтэрхий ойлгомжтой.

Захирлын ажлаа юу гэж боддог вэ гэдгийг нь тодруулахад өмнө нь их сайн ажилтан байсан, байгууллагад хувь нэмрээ оруулсан учраас шагналд нь захирал хийж байгаа мэтээр сэтгэж байгаа нь нийтлэг харагддаг. Өөрөөр хэлбэл 25, 28 настайдаа хийсэн сайн ажлынхаа шагналд өнөөдөр захирлын алба хашаад явж байна гэсэн үг.

Захирлын алба бол шагнал биш гэдэг нь ойлгомжтой.

Хэрэв бизнесмэн та хэлтсийн захирал, газрын захирал хайж байгаа бол гоёмсог боловч хоосон сивид (CV) хууртав за. Хамгийн гол нь тархин дотроо, сэтгэхүйгээрээ залуу хүнийг л захирал болгож үзээрэй. Маш их туршлагатай гэж харуулах замнал бол өнгөрсөн үе шүү. Кандидат ирээдүйд өөрийгөө юу гэж харж байна? 35 настай тэтгэвэрийн хөгшин танай компанид хэрэггүй.

Мөн одоо байгаа захирлуудаа сорьж үзэх хэрэгтэй. Маш их туршлагатай, өмнө нь мундаг ажиллаж байсан боловч сүүлийн үед бухимдал төрүүлж байгаа захирлууд танай компанид байна уу? Магадгүй тэр тархиндаа тэтгэвэртээ суучихсан байж мэдэх л юм. Шалгаж үзээрэй.

 

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд