• 10215

Гүйцэтгэх захирлын эрэлд

Харвард дээр гарсан судлагаанаас үзэхэд гэр бүлийн бизнесийн 70% нь 2 дугаар үедээ, 90% нь 3 дугаар үедээ хаалгаа барьдаг гэжээ. Энэ бол Америкийн статистик. Харин хэдэн жилийн өмнө Монголд ирсэн Тайвань доктор, Азид 3 дугаар үе гэхэд гэр бүлийн бизнесийн 80 гаруй хувь нь дампуурсан байдаг гэж илтгэлдээ хэлж байв.

Ирэх 5-10 жилд манай 1990 онд эхэлсэн, ихэнх нэгдүгээр үеийн бизнесмэнүүд гавъяаны амралтандаа гарч бизнесээ шинэ захирлууд, шинэ эздэд шилжүүлнэ.

Гүйцэтгэх захирлын эрэлд

Мэдээж аливаа компанийн хамгийн чухал менежер бол гүйцэтгэх захирал. Гүйцэтгэх захирлын ажил нь аль нэг газар, хэлтсийг удирдахаас хавьгүй өөр.

Нэгдүгээр үеийн бизнесмэнүүд ихэнхдээ өөрсдөө гүйцэтгэх захирлаа хийж ирсэн. Харин саяханаас өөрсдийн баруун, зүүн гаруудыг гүйцэтгэх захирлаар томилж, гавъяаны амралтандаа гарах бэлтгэлээ базааж эхэлсэн нь ажиглагдаж байна.

Туулын мөсийг долоох шахан байж босгосон бизнесээ хэнд найдаж үлдээх вэ?

“Манай ерөнхий ня-бо маш сайн ажиллаж байсан. Харин гүйцэтгэх захирал болгосноос хойш бид хоёрын хооронд том асуудал үүсээд байна.” гэж зөвлөгөө асуух эзэдтэй түгээмэл таарч болно. Энэ бол өнөөдөр Монголын бизнесийн ертөнцөд үүсээд буй хамгийн түгээмэл асуудал юм.

Миний харахад, асуудал өөрөө хоёр хэмжүүртэй. Үүнийг дор тайлбарлая.

Хөгжүүлдэггүй босс

Компанийн эзэн буюу өмнөх гүйцэтгэх захирал, маш сайн санхүүгийн албаны дарга эсвэл маркетингийн захирлаа гүйцэтгэх захирлаар томилдог. Санхүүгийн үйл ажиллагааг сайн удирдсан учраас гүйцэтгэх захирлын ажлыг ч гэсэн сайн хийнэ гэсэн итгэл үнэмшил дээр үндэслэдэг. Гэтэл харамсалтай нь газар, нэгж удирдах, компанийг бүхэлд нь удирдах хоёр ихээхэн өөр парадигмтай.

Үүнийг босс өөрөө ойлгоогүй учраас, газрын захирлуудаа гүйцэтгэх захирлын зиндаанд хүргэж хөгжүүлдэггүй. Энэ өөрөө цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардана.

Дээрээс нь газрын захирлуудаа сэтгэл зүйн хувьд эртнээс бэлтгэж эхэлдэггүй. Гэнэт нэг өдөр томилж орхидог. Ур чадвар, сэтгэл зүйн хувьд бэлэн биш хүн эхний өдрөөсөө л самгардах нь тодорхой шүү дээ.

Хөгждөггүй ажилтан

Бас газар, хэлтсийн захирлуудад түгээмэл ажиглагддаг нэг дутагдал нь “хувь хүний хөгжил” байдаг. Хүний нөөц, санхүү, маркетинг, үйлдвэрлэл зэрэг компанийн нэг функцийг сайн хариуцаж ажилласныгаа “хувь хүний ур чадварын хувьд болчихлоо” гэж буруу бодож, нэг цэг дээрээ очиж гацдаг. Анх ажилд орж байсан, ахлах болж байсан, газрын захирал болж байсан үе шигээ өөрийгөө хөгжүүлэхээ байдаг.

Мөн гүйцэтгэх захирлаар томилогдсон хойноо, өмнөх арга барилаараа ажиллах гээд байдаг. Гэтэл өмнө нь цоо шинэ парадигм нээгдэж, гүйцэтгэх захирлын зиндаанд, шинэ зангарагаар хөдлөх хэрэгтэй байгааг ойлгохгүй цаг алддаг. Ингэснээрээ мэдээж бизнесийг доройтуулах, эзэнтэй үл ойлголцох, ажилтануудын санаа сэтгэгдлийг алдагдуулах гэх мэт түмэн асуудлыг хойноосоо дагуулах болно.
 
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд