Монгол орны элсэн манхан
  • 17054

Монголд ирэх жуулчдын тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?

2016 оны 3-р сарын Bloomberg Businessweek дугаараас дараах өгүүлбэр анхаарал татлаа. Утгачилбал. “Улаанбаатар хүртэл “авчирч”, тийшээ бүүр ариун цэврийн цаасаа хүртэл биедээ авч очсоноороо гайхуулдаг – төрлийн жуулчид одоо Хойд Солонгосруу зүглэж байна.

Өөрөөр хэлбэл Монгол бол Хойд Солонгосоос ялгаагүй, нэлээд их эрсдэл, зориг гаргаж байж очихоор газар юм байна л даа. Монгол очоод ирлээ, эсвэл Төвд ороод ирлээ гэж хэлвэл маш содон, эрсдэлтэй сонсогддог юм байх.

Аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд заавал өндөр хөгжилтэй орон байх албагүй. Жишээ нь Тайланд аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлж, улсдаа жилд 30 сая жуулчин авчирч, 42 тэрбум долларын орлого олсон байх жишээтэй. Энэ нь нэг жуулчнаас дунджаар 1,400 доллар олсон гэсэн үг.

Аялал жуулчлал хөгжснөөр үндэсний агаарын компаниудаас эхлээд зочид буудлууд, хоолны газрууд, үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр гээд бүхий л секторт орлого орж, ажлын байр нэмэгдэж байдаг.

Монгол улс аялал жуулчлалын яамтай байгаад, үүнийг хөгжүүлэх талаар маш олон жил ярилаа. Ямар үр дүнтэй байгаа бол.

*График 1

Сүүлийн 6 жилийн статистик харахад жуулчдын тоо ч тэр, орлого ч тэр өссөнгүй. Ердөө 200 гаруй сая доллар л энэ сектороос олж байна. Энэ нь нэг жуулчнаас дунджаар 500 орчим л доллар буюу Тайландтай харьцуулахад бараг 3 дахин бага байгаа юм. Манай хоол, буудал, унаа тээвэр Тайландаас хямд байж чадахгүй. Харин манайх ирсэн жуулчдаасаа сайн “сааж” л чадахгүй байна.

Ирсэн бүх жуулчдаа аваачдаг Мэлхий Хадан дээрээ хүртэл бие засах газар барьж чадахгүй байгаа бидний хувьд арга ч үгүй биз дээ.

Бизнес Санаа

Блүүмберг дээр бичсэний дагуу бол манайд Парисийн Дарь эхийн сүм, Америкийн Ниагра хүрхрээ, Токиогийн Диснейлэнд үздэг төрлийн жуулчид ирэхгүй нь.

Бид маркетингийн аргаар шинээр жуулчидийн урсгал бий болгох хэрэгцээ шаардлага гарч байгаа юм. Хүлээж суугаад бидэн дээр ирэхгүй нь.

Хэрхэн хийх вэ?

Юуны өмнө бага зэрэг түүх ярьцгаая.

Орчин цагийн Туркүүдийн хамгийн эртний дээдэс болох Түрэгийн хаант улс өнөөгийн Монгол улсын газар нутаг дээр 500 – 700 орчим оны үед буюу одоогоос 1400 орчим жилийн өмнө оршин тогтнож байжээ.

Орхоны хөндийд байх Түрэгийн Билгэ хаан болон сайд Күл-Тигинд зориулан түрэг бичгээр бичиж босгосон гэрэлт хөшөөг бид мэднэ. Мөн Налайхын хажууханд байрлах түрэгийн их сайд Тонюкукын бичигт хөшөө бас бий. (Энэ хөшөөрүү Турк улсын хөрөнгөөр засмал зам татсан.)

Мөн Орхоны сав газраас баруун тийш орших Отгонтэнгэр уул нь бөө мөргөлтөн түрэгүүдийн хувьд гол шүтээн уул нь байсан бололтой байдаг. Учир нь түрэгүүдийн шүтдэг дээд тэнгэр нь Отукен бөгөөд Отгонтэнгэр нэрний “Отгон” нь Монгол хэлний айлын бага гэсэн утга биш харин Отукен Тэнгэр гэх түрэг холбоо үг байх өндөр боломжтой.

Тэгэхээр орчин цагийн туркүүдийн хувьд заавал аялж үзэх ёстой, эцэг өвгөдийн чухал дурсгал хөшөөтэй газрууд Монгол улсад байна.

Дэлхий дээрх түрэг гаралтай буюу Turkic хүмүүсийн нийт тоо 140 – 160 сая гэж үздэг. Үүнээс Туркэд 60 орчим сая хүн амьдардаг.

Харамсалтай нь Турк улсын вики хуудсанд орж үзэхэд гарал үүслийг нарийвчилан бичээгүй, зөвхөн нэлээн хойно нүүдэллэн очиж, Грекүүдийг шахаж өөрийн нутаг болгосон одоогийн орны түүхийг ихэвчлэн бичжээ.

Туркчүүд Монгол улсад байгаа Түрэгийн дурсгал, хөшөө, бичээсийн тухай мэддэг болов уу?

Туркчүүд гадаадад аялахдаа жилд 5 орчим тэрбум доллар зарцуулдаг статистик байна. Нийт гадагшаа зорчдог урсгал нь 6 орчим сая хүн ажээ.

Бид жуулчид ирэхийг хүлээгээд суугаад байж болно. Эсвэл баримтат кино хийгээд Туркийн телевизээр цацаж болно. Мөн туркийн сошиал медиа орчинд идвэхжүүлэлт хийж болно. Ирэхэд нь харин Мэлхий хадан дээрээ бие засах газраа барьсан байх хэрэгтэй.

 

Эх сурвалж: Түрэгийн хаант улсын тухай Wikipedia хуудас

 

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд