- 17833
Хэн ч гүйцэтгэх захирал хийж чадна
Залуу ажилтны амбиц нь компанийнхаа гүйцэтгэх захирал болоход чиглэх учиртай.
Мэдээж энэ нь төрийн байгууллагын ажилтанд ч хамаарна. Компани, төрийн болон төрийн бус байгууллагын дарга, ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал нь ижилхэн топ менежментийн ажлууд юм. Миний бодлоор ямар ч хүн гүйцэтгэх захирлын ажлыг хийж чадах бөгөөд гагцхүү зарим онцлог зүйлсийг ойлгосон байвал зохино.
Энэ хүрээнд би гурван өнцөг авч үзье гэж бодлоо. Үүнд:
Нэгдүгээрт, яагаад ажилд орж байхдаа гүйцэтгэх захирал болох амбицтай байсан залуу хэдэн жилийн дараа төөрч будлиж орхидог вэ? Энэ нь зорилгоосоо няцаж, бууж өгч байгаа юм шиг харагддаг. Мэргэжил, ажилдаа туйлын сайн ажилтан газрын захирал, дэд захирлын төвшинд очоод тэр чигтээ гацах тохиолдол их байдаг.
Хоёрдугаарт, заримдаа “гүйцэтгэх захирлыг бол өлхөн хийнэ дээ” гэж ярих дэд захирлуудтай би тааралддаг. Дараа нь сонсож байхад эдгээр дэд захирлууд амбицласаар гүйцэтгэх захирлын ажилдаа хүрдэг боловч бүтэлгүйтэж, өөрийнхөө карьерийг сүйдэлж, компанид хохирол учруулах нь элбэг.
Гуравдугаарт, саявтархан би нэгэн танилаасаа “Чи ямар их олон сэдвээр ярьдаг юм бэ? санхүүгийн хүн биз дээ, тэрийгээ л яриач дээ” гэх зэмлэл, шүүмжлэл маягийн зүйл бас сонсов.
Дээрх гурван өнцөг надад түгээмэл ажиглагддаг учир, хэсэг зуур бодолхийлээд, эдгээр буруу ойлголтууд нь ердөө л “Гүйцэтгэх захирал бол мэргэжил юм” гэдгийг ойлгоогүйгээс болжээ гэж дүгнэв.
Би үүнийг Голомт банкны жишээн дээр авч тайлбарлая. Анх намайг Голомт банкны гүйцэтгэх захирлын ажлыг авахад 2,000 ажилтантай, 24 ширхэг бизнесийн чиглэлтэй, 50 гаруй хэлтэс нэгж 100 салбар банктай, 800,000 шахам харилцагчтай байгууллага угтан авсан юм. Эдгээр 2,000 ажилтныг 120 гаруй захирал менежерүүд удирддаг гээд төсөөлөхөөр овоо нүсэр байгууллага болох нь ойлгомжтой болно.
Мэдээллийн технологи
Миний хийх эхний ажил бол банкны зорилго, стратегийг шинээр тодорхойлох явдал байв. Орчин үеийн дижитал шилжилтийг стратегидаа шингээхийн тулд МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ нэвт шувт мэдэж, ойлгох шаардлага надад тулгарсан.
Анх 1988 оноос 1989 оны хооронд 2 жил программчлалын хичээл үзэж байсан, түүнээс хойш мэдээллийн технологийн ололт дэвшилтийг тасралтгүй судалж, мэдлэгтээ хачирлаж байсан маань мэдээж хэрэг болж байгаа юм. Би мэдээллийн технологи хариуцсан захирлынхаа төвшинд мэдэх албагүй боловч, гүйцэтгэх захирлын хувиар түүний юу ярьж буйг бүрэн ойлгож, ойлгоод зогсохгүй стратегийн чиглэл өгөх чадвартай байх ёстой. Энэ бол гүйцэтгэх захиралд тавигддаг шаардлага.
Гүйцэтгэх захирал
Ажилтнуудыг сэдэлжүүлэх, хөгжүүлэх, бүтээмжийг нь нэмэгдүүлэхийн тулд хүний нөөц, хүний сэтгэл зүйн талаар бүрэн мэдлэгтэй байх ёстой болно. Хүний нөөцийн захирлаа гүйцэтгэх захирал удирдаж байгаа тул түүнээсээ дутахгүй, ер нь бол давж гарах ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН мэдлэг, дадал, туршлагатай байх ёстой болно.
Байгууллага гэдэг тэр чигээрээ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН хэлээр илэрхийлэгдэх тул гүйцэтгэх захирал хүн санхүүгийн захиралтайгаа нягтлан бодох бүртгэлийн хэлээр нэвт шувт ойлголцох чадвартай байхаас өөр аргагүй. Өөрийн болон өрсөлдөгчийн санхүүгийн тайланг хараад шууд анализ хийх чадваргүй хүн гүйцэтгэх захирал хийхэд маш хүндрэлтэй байх болно.
Мэдээж байгууллагын нэгдсэн дүр зураг, хэтийн төлөв зөвхөн гүйцэтгэх захирлын тархинд бүрэн тусгалаар буух (бизнест ВИЖН гэж нэрлэдэг шүү дээ) учраас гүйцэтгэх захирал хүн стратеги, тактикийн ухаанд нэвт боловсорсон байх ёстой. Хэзээ ч хүний нөөц, эсвэл санхүү хариуцсан орлогч захирал байгууллагын стратегийг гаргаад сууж байна гэж байхгүй.
Байгууллагынхаа эрхэм зорилго буюу мишн, алсын хараа буюу вижн, нийгмийн хариуцлагыг тодорхойлж, ажил хэрэг болгохын тулд гүйцэтгэх захирал ФИЛОСОФИЙН УХААНЫ зохих мэдлэгтэй байхаас бас өөр аргагүй.
Байгууллагыг тань олон нийт юу гэж хүлээн авч байна? Брэндээ яаж таниулах вэ?
Энэ асуултад хариулахын тулд гүйцэтгэх захирал маркетинг хариуцсан захиралдаа “чи л шийдэж үз” гээд сууж байж хэрхэвч болохгүй. Эцсийн шийдвэр, стратегийг санал бодолд нь үндэслээд шийдэж таарна. Энэ нь зүгээр нэг эмоци, мэдрэмж дээр үндэслэсэн шийдвэр байж мэдээж болохгүй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирал МАРКЕТИНГ, ПИ-АРЫН ухаанд нэвтэрч байж л шинжлэх ухаанч, онол, практикт үндэслэсэн шийдвэр гаргана.
Эцэст нь далайн шуурганд амь тэмцэн яваа хөлөг онгоцны ахмад л ганцаараа хитэг дээрээс хөлөг ямар эрсдэл дундуур явж буйг бүхэлд нь харж чаддагтай адил, гүйцэтгэх захирал л компанийнхаа эрсдэлийг бүхэлд нь харах ёстой. Тэр утгаараа гүйцэтгэх захирал бол компанийн топ ЭРСДЭЛИЙН МЕНЕЖЕР байдаг.
Би энд гүйцэтгэх захирлын мэдэх, хийх ёстой зүйлсийн тодорхой хэсгийг бичлээ.Миний хувьд мэдээж энэ бүх олон мэдлэгийг нэгэн зэрэг эзэмшиж чадаагүй боловч, өнөөг хүртэл эдгээр шалгуурыг хангахын тулд хичээж ажиллаж ирсэн билээ.
Банкны гүйцэтгэх захирлын бас нэг зовлонтой тал нь банкийг мэдээд зогсохгүй, банкнаас зээл авч буй барилга, уул уурхай, худалдаа, үйлдвэрлэл гээд бүх төрлийн бизнесийг ойлгож байж л ажлаа явуулах боломжтой болдог. Зөвхөн банкны гүйцэтгэх захирал гэхэд л банк, санхүүгээ мэдээд зогсохгүй өөр ямар том сорилын өмнө зогсдог вэ? гэдгийг уншигч та ойлгосон биз ээ! Мэдээж бусад бүх төрлийн компаниуд, төрийн байгууллагуудын топ менежерүүд яг л ижил сорилттой тулгарна.
Өнөөгийн Монголд төрийн байгууллагууд үр ашиг муутай, данхар бүтэцтэй, үр дүн багатай байгаа учраас Монгол улс олон үзүүлэлтээр Дэлхийн хойхно жагсаж явна. Төрийн байгууллагууд яагаад улс оронд зохих үүргээ гүйцэтгэж чадахгүй байна вэ? Хариулт нь их энгийн. Төрийн байгууллагын топ удирдлагаар ихэнхдээ миний өмнө дурдсан дадал туршлагууд байхгүй, хамгийн гол нь топ удирдлагад ямар хатуу ширүүн шалгуур тавигдах талаар ямар ч төсөөлөлгүй хүмүүсийг, нам болон бүлэглэлийн эрх ашгийн төлөө томилж ирсэнтэй шууд холбоотой. Хүний нөөцийн менежментийн ном огт уншиж үзээгүй, сонирхдог ч үгүй санхүүч хүнийг гүйцэтгэх захирал, даргаар тавилаа гэж бод. Юу болох вэ?
Яг л миний өмнөх жишээн дээр гарсан гүйцэтгэх захирлын ажлын цар хүрээг сайтар ойлгоогүй, гэхдээ өөрийнхөө хариуцсан талбар дээр сайн ажиллаж байсан дэд захирлууд өөрсдийгөө сайн гүйцэтгэх захирал болно гэж төсөөлдөгтэй ижил юм.
Яг гүйцэтгэх захирлын ажлыг авмагц гэнэт өмнө нь ердөө нэг л чиглэл хариуцаж байсан дэд захирлын толгой дээр 10 гаруй, бүгдээрээ эн тэнцүү чухал сорилтууд бууж ирдэг. Нэгэнт ажлаа авсан хойно ном уншаад, өөрийгөө хөгжүүлэх зав гарахгүй нь ойлгомжтой. Ингээд л хүрдэн дээр гүйж байгаа лабораторийн хулгана шиг эцэж цуцатлаа гүйж, өөрийгөө ч, байгууллагаа ч зовооно.
Миний өгөх зөвлөгөө одоо бараг ойлгомжтой болсон байх.
Аль болох багаасаа, эртнээс компани, байгууллагад тулгарч байдаг эдгээр менежментийн сорилтуудад өөрийгөө бэлтгэх ёстой. Хүний нөөцийн захирал нягтлан бодохын курст оройгоор сууж, эрсдлийн менежер нь маркетингийг судалж байх хэрэгтэй.
Ингэж чадвал энэ нийтлэлд гарсан бүх бэрхшээл хялбар шийдэгдэнэ. Монгол улс сайн сайхан болж, компаниуд илүү бүтээмжтэй, төр уян хатан болно. Төрийн байгууллагын топ удирдлагад хүн томилох гэж байгаа бол заавал 3-6 сарын бэлтгэл хийлгэх хэрэгтэй. Нэгэнт ажил авсан хойно цаг зав гарахгүй нь ойлгомжтой. Харин бэлтгэлээ базааж авсан цагт хэн ч гүйцэтгэх захирлын ажлыг хийж болно, чадна.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг