- 6313
Шидтэн Ажилтны Эрэлд
Та хаа нэгтэйгээс “…Менежмент бол дундаж хүмүүсийг удирдаж гайхалтай үр дүн гаргах явдал билээ…” иймэрхүү өгүүлбэр уншиж л байсан байх.
Бодит байдал дээр ихэнх захирлууд менежментдээ анхаарах биш харин шидтэн мэт бүгдийг чадагч ажилтан эсвэл менежерийг л хайж байдаг. Тэр хүнийг л аваад тавьчихвал компанийн бүх асуудал ид шид мэт хормын дотор шийдэгдэнэ.
Америкийн сансрын агентлаг НАСА-д дэлхийн хамгийн ухаантай хүмүүс ажилладаг гэдгийг та бид мэднэ. Тэгвэл саяхныг хүртэл тэдний пуужин хэт өндөр өртөгтэйгөөс болж сансрын хөтөлбөрөө цуцлах тухай ярьж байсныг би сайн санаж байна. Харин Элон Маск гэгч сансар судлалтай огт холбоогүй эрхэм гарч ирж пуужинг нь 10 дахин хямд өртгөөр бүтээж эхэлснээр нөхцөл байдал сайнаар эргэлээ.
Энэ бол 10 хувь биш, 100 хувь ч биш харин 10 дахин хямд өртгийн тухай ярьж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл НАСА гэгч байгууллага менежментийн үнэлгээгээр шившигт хутгалдаж, америкийн татвар төлөгч нарын мөнгийг хэрхэн онц ноцтой хий дэмий цацаж байсны нотолгоо. Мөн математик, физикийн гоц авьяастнуудаас илүү Менежмент, Стратегийн ухаандаа анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг харуулсан үйл явдал.
Бүх зүйл ийм тодорхой байхад яагаад захирлууд менежментээ сайжруулахын оронд бүгдийг чадагч шидтэн ажилтан хайж эхэлдэг вэ. Миний бодлоор захирлууд хүн л учраас ихэнхдээ залхуу байдаг байх, улмаар тэд өөрсдийнх нь өмнөөс шаварт гараа дүрэх тийм л хүнийг хайж байдаг болов уу. Уг нь захирал хүний үндсэн ажил нь шаварт түрүүлж гараа дүрэх бөгөөд менежмент хийх явдал шүү дээ. Тэгэхээр магадгүй ихэнх захирлууд өөрийнхөө ажлын байрны тодорхойлолт, хийх ажил үүрэг, хариуцлагын талаар буруу төсөөлөлтэй явдаг болов уу.
Бодит амьдрал дээр шидтэн ажилтан гэж байхгүй бөгөөд хичнээн хайсан ч олдохгүй юм. Харин дундаж ажилтан гэж бий. Тэрхүү дундаж ажилтныг зөв удирдаад түүнээс өөрөө ч төсөөлөөгүй гайхалтай үр дүнг гаргуулах нь менежментийн үндсэн зарчим юм.