- 1849
Дүлий Менежерүүд
ЭМПАТИ (empathy) гэхээр монголчууд бид төдийлөн сайн мэдэхгүй. Харин барууны менежер хүн бүрийн мэддэг энэ үг бол “бусдын сэтгэлийг мэдрэх” чадварын тухай юм.
Угтаа хүн өөрөө нийгмийн амьтан тул бусдын сэтгэл, зовлон, бэрхшээлийг мэдрэх төрөлх чадвартай билээ. Нөгөө талаас хүн бас амиа хичээсэн амьтан гэдгийг мартаж болохгүй. Иймд эмпатиг тасралтгүй хөгжүүлж байхгүй бол амиа хичээлт давамгайлж эхэлдэг. Харамсалтай нь монголын өнөөгийн нийгмийн ерөнхий төрх нь маш сул эмпатитай, амиа хичээгсдээр дүүрсэн мэт төсөөлөгдөнө.
Монголын дундаж менежерийг төсөөлж үзье. Тэр менежер дээрээ гүйцэтгэх захиралтай, доороо ажилтнуудтай, зэргэлдээ ижил төвшний менежерүүдтэй байхаас гадна мэдээж харилцагч нарт үйлчилдэг байж таарна. Хэрэв менежер энэ олон төрлийн хүмүүсийн сэтгэлийг мэдэрч чадахгүй бол амжилтад хүрнэ гэж байхгүй. Өөрөөр хэлбэл аливаа менежер хүн маш өндөр эмпатитай байх шаардлагатай гэдэг нь эндээс маш тодорхой харагдаж байна. Мэргэжлийн ур чадвар, гадаад сургуулийн диплом, хэлний чадвар, тооны мэдлэг энэ тохиолдолд нэлээн хойгуур жагсахаас өөр аргагүй.
Эмпати султай буюу бусдыг ойлгох чадвар дутмаг, бусдын нүдээр ертөнцийг харах чадваргүй бол дүлий менежер гэсэн нэр зүүж байгаа нь тэр. Дүлий менежерт ертөнц, юмс үзэгдлийн талаар ганцхан хувилбарт төсөөлөл бий. Тэр нь мэдээж зөвхөн өөрт нь харагдаж, өөрт нь төсөөлөгдөж, өөрт нь сонсогдож буй тэр л хувилбар юм. Тэр хэзээ ч бусад хүмүүсийн өнцгөөс харах гэж оролдохгүй, учир нь бусад хүмүүст өнцөг байдаг эсэх тухай ч мэддэггүй гэж хэлж болно.
Нэгэнт монголын боловсролын систем эмпати хөгжүүлэх тал дээр таг тул байгууллагууд өөрсдөө санаачилгатай ажиллаж дүлий менежерүүдээ сонсож сургах тал дээр анхаарах цаг болжээ.