швейцар-хүмүүс-яг-монголчууд-шиг
  • 2282

Швейцар хүмүүс яг Монголчууд шиг

Швейцар бол дэлхийн хамгийн баян орон гэдгийг та бүгд мэдэх буй заа.

Хэдэн жилийн өмнө Швейцарийн тэрбумтантай ярилцаж суухад “…Ганзоригоо, Швейцарчууд монголчууд яг адилхан түүхтэй…ихэнх цаг үед хөлсний цэргийн ажил л хийж байсан…гол нь бид цаг, банк хоёрыг экспорт болгож сонгоод амжилтанд хүрсэн…та нар ч гэсэн өөрийн гэсэн экспорттой болох хэрэгтэй…” гэж надад ярьсан юм.

Би тухайн үед нь ойлголгүй яагаад монголчууд хөлсний цэрэг байдаг билээ гэж ундууцан бодож байсан юм. Швейцарийн түүхийг судалж үзэхэд үнэхээр л Италийн баян хот улсууд, Франц зэрэг улсад олон зууны турш хөлсний цэргийн үүрэг гүйцэтгэж иржээ. Өөрөөр хэлбэл хөлсний цэргийн экспорт хийж улсаа тэжээдэг байсан гэсэн үг. Ромын пап ламын хамгаалалт, Францын Людовик хааны хамгаалалт, Италийн хот улсуудын хоорондын дайн гэх мэт.

Швейцарчууд цагний үйлдвэрлэл, олон улсын банкны төв гэсэн хоёр зорилтыг сонгож өнөөдөр дэлхийн хамгийн баян улс болчихоод сууж байна.

Монгол улс

Монголчуудын хувьд түүхэнд тодорхой тэмдэглэсэн зүйл байхгүй боловч Хятадын түүхийг судалж байхад тэдний олон тархай бутархай улсуудад (Хятад ихэнх цаг үед олон улс болон хоорондоо тэмцэж байв) байнга морин арми хэрэг болдог байсан бөгөөд ингэхдээ хойд зүгийн нүүдэлчдэд төлбөр төлж дайснаа дарахад ашигладаг байсан тухай олонтаа гарна.

Нүүдэлчин монголчуудын хувьд хятадын торго, дурдан, амуу будаа зэргийг импортлон авах нь үеийн үед байсан үзэгдэл юм. Харин зөрүүлээд экспортлох бүтээгдэхүүн цөөхөн, мөн үнэ өртөг хямдаас (малын гаралтай экспорт) болж байнга гадаад худалдааны алдагдалд ордог байсан учраас цэрэглэн дайлах нь нэгэн төрлийн цэргийн экспорт гэж ойлгогдож болох юм.

Аливаа улс орон өөрийн гэсэн өвөрмөц экспортийг бий болгох замаар хөгжилд хүрдэг.

Франц, Швейцар болон Италичууд шинэ тутам хөгжиж буй Хятад, Солонгос, Орос, Энэтхэгийн зах зээлд тансаг бүтээгдэхүүнүүдийг экспортолж байна. Louis Vuitton, Channel, Patek Phillip гэх мэт брэндүүд толгой эргэм үнэтэй. Хоржоонтой нь ердөө 100 гаруй жилийн өмнө Хятад дэлхийн хамгийн том тансаг хэрэглэл үйлдвэрлэгч байсан бол өдгөө хамгийн том хэрэглэгч болчихсон байх жишээтэй.

Монголчууд бид толгойгоо сайн ажиллуулж чадвал Швейцар шиг баян болох нь цаг хугацааны л асуудал билээ.

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд