louis-viutton-бизнесийн -нууц
  • 2773

Louis Vuitton бизнесийн нууц

Луй Вуттон Мое Хеннеси (Louis Vuitton Moet Hennessy)  группийн гүйцэтгэх захирал Бернард Арно 150 тэрбум долларын хөрөнгөтэйгээр дэлхийн гуравдах баян хүн болжээ.

Яаж яваад хүн бүрийн худалдан авч чадахааргүй асар өндөр үнэтэй тансаг эдлэл, архи зардаг компанийн хувьцаа эзэмшигч дэлхийн хамгийн баян хүн болчихов.

Луй Вуттон группийн хувьцааны ханш

Үл хөдлөхийн салбарт ажиллаж байсан, инженер мэргэжилтэй Арно анх 1984 онд Christian Dior брэндийг худалдан авснаар luxury салбарт хөл тавьсан гэдэг. Тун удалгүй буюу 1988 оноос эхлэн Louis Vuitton Moet Hennessy группийн хувьцааг цуглуулж эхэлснээр Арно дэлхийн хамгийн шилдэг брэндүүдийг эзэмших болсон юм.

Ердөө 30 гаруй жилийн дотор Арно дэлхийн тансаг зах зээлийн хамгийн том тоглогч, 150 тэрбум долларын хөрөнгөтэй нэгэн болжээ. Магадгүй та бүгд санаж байгаа бол Луй Вуттон 300 долларын өртөгтэй арьсан цүнхийг 3,000 доллараар борлуулдаг шүү дээ. Тайван суугаад нухацтай бодвол ямар ч худалдан авагч ийм алдагдалтай наймаа хийхгүй гэж бодогдоно. Гэтэл Арно дэлхийн хамгийн баян хүн болчихоод байдаг. Үүний нууц нь юу вэ?

Монголын томоохон компаниуд жил бүрийн эцэст ТУЗ дээрээ ирэх жилийнхээ бизнес төлөвлөгөөгөө ярилцдаг. Энэ үеэр мэдээж ихэнх компани борлуулалтаа нэмэгдүүлэх зорилт тавьдаг билээ. Харин энэхүү зорилтоо хэрхэн хангах буюу СТРАТЕГИ сонгох болоход зарим захирлууд согтуу хүн шиг л гуйвж дайвж эхэлдэг.

Тухайлбал би маш олон удаа “…үнээ хямдруулах замаар борлуулалтаа нэмэгдүүлнэ…, …үнэ хямрдуулснаас гарах алдагдлыг зардлаа хэмнэх замаар нөхнө…” гэж ярихыг сонссон. Цаашид ч магадгүй сонсох байх.

Борлуулалт

Борлуулалт нь биет бүтээгдэхүүнийг харилцагчид мөнгөөр арилжих хөшүүн үйл явц мэтээр ихэнх захирлуудад төсөөлөгддөг шиг байгаа юм. Үнэн хэрэгтээ борлуулалт бол харилцагчид биет бүтээгдэхүүнээс гадна давхар мэдрэмж өгөх үйл явц юм.

Бенз машин нь бусад машинтай л ижил мэт боловч бид давхар нэр хүндийн баталгааг харилцагчид өгөх тухай ярьж байна. Бенз машин унаж байгаа хүний нийгмийн статус тодорхой харагдана гэсэн үг. Энэ хүн магадгүй хөдөлмөрч нэгэн бөгөөд өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээр бенз машин авчээ гэж нийгэмд харагдана. (энд монголын нийгэмд байх зарим муу жишээг тооцсонгүй)

Машиныг бол мэдээж хямдруулаад зарж болох юм. Харин тав тух, нэр хүндийн баталгаанд харицлагч ямар ч үнэ төлөхөд бэлхэн байдаг. Үүнийг бид 300 долларын өртөгтэй цүнх 3,000 доллараар хялбархан зарагдаж байгаагаас харж болно.

Яагаад гэвэл LV нь цүнх биш харин мэдрэмж борлуулж байна. Тэр зөвхөн цүнх биш, дэлгүүрийн орчин, үнэрийн менежмент, үйлчилгээний орчинг ч давхар борлуулж байна. Тансаг дэлгүүрт ороод худалдан авалт хийсэн тэр сайхан дурсамжийг борлуулж байна.

Мэдрэмж гэдэгт дурсамж, нэр хүнд, тав тух зэрэг сэтгэл хөдлөлийн олон үзэгдлүүдийг багтааж ойлгох хэрэгтэй.

Солонгос, Япон охидууд цалингаа хуримтлуулж байгаад заавал Louis Vuitton цүнх авах зорилт тавьдаг тухай сонсоод гайхаж байлаа. Хамгийн гол нь Бернард Арно LV брэндийн ердийн арьсан цүнхийг дагаж ирэх нэр хүндийн баталгааг ийм өндөр төвшинд хүртэл авчирсан нь түүний нууц юм. Цүнх ямар ч байж болно харин түүнийг дагаж ирэх мэдрэмжийг удирдаж чадаж байгаа захирал л жинхэнэ бизнесмэн мөн юм.

Өөрөөр хэлбэл борлуулалт бол мэдрэмж өгөх тухай асуудал юм. Үүнийг ойлгосон компаниуд толгой эргэм амжилтанд хүрэх болно.

 

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд