Захирал захирагч биш
  • 3514

Захирал захирагч биш

Захирал хүн гэж хэн бэ. Энэ талаар монголчууд бидэнд нэгдсэн, системтэй ойлголт байна уу. Бидний одоогийн төсөөлөл хаанаас бий болов.

Манай ямар ч менежментийн сургуульд захирал хүн ямар байх ёстойг заадаггүй.

Баруунд компаниуд хөгжөөд олон зуун жил болсон учир захирал хүний имиж, шалгуур нь Харвардын анги танхим гэхээсээ илүүтэй нийгмийн соёлоор дамжиж ирдэг бололтой.

Харин манайд?

Захирал гэдэг ойлголт бол манайд нэн шинэ. Тэгээд ч сургуульд нь системчилж заадаггүй учраас социализмийн үеийн ДАРГА гэх ойлголтоор баримжаалан төлөвшүүлдэг бололтой юм.

Өнөөдөр бид шинээр хэлтэс, албадын захирал болж байгаа залуучуудаа захирал хүн болгох ориентац хийдэг билүү? Монголын топ 100 компаниас хэд нь ийм чиглүүлэг хийдэг бол.

Ийм чиглүүлэг (ориентац) хийхгүй бол тэр залуу өөрийнхөө төсөөлөлөөр л захирлын ажлыг хийнэ.

Манай монгол захирлууд ихэнхдээ ЗАХИРАЛ хүн бол ЗАХИРАГЧ юм гэж төсөөлдөг нь илт. Ажилдаа ханцуй шамлан орохгүй, ЗӨВЛӨХ аятай тойроод гүйгээд байдгаас нь харж болно. Ийм хүмүүс маш их ярина, маш их хуралдана, гэвч юу ч гараасаа гаргахгүй. Уулзаад үзэхэд уулыг эргүүлэх бодол санаатай мэт ойлгогдовч, бодит байдал дээр нэг атга шороо ч хөдөлгөхгүйгээр хэдэн жил ч болж чадна.

Монголын байгууллагуудад доод шатныхаа захиралд “шийдэл гаргаад танилцуул” гэчихээд сарын дараа асуухад “ажилтнууддаа өгчихсөн хүлээж байна” гэж хээв нэг хариулах нь бий.

Чингис хааны маань зуутын дарга ямар дүр төрхтэй байдаг байсан бол?

Тэр үед 100 өрх нийлээд зуут болдог байсан гэж үзэхэд 100 өрх дундаа хамгийн ажилсаг, хамгийн бүтээмжтэй нь л дарга болдог байсан болов уу.

Үнэн хэрэгтээ захирал хүн бусдаас илүү их ажилладаг, илүү их зүтгэдэг, хамгийн түрүүнд хүйтэн усанд хөлөө дүрдэг л хүн юм шүү дээ. Түүнээс биш бусдын хийснийг өөлөгч, ажилтнуудаараа бүгдийг хийлгэдэг хүн биш юм.

Компанийн амжилттай ажиллахад танай захирлууд ЗАХИРАЛ гэдэг ойлголтыг хэрхэн төсөөлж байгаа нь маш чухал. Энэ төсөөллийг зөв өгөх, зөв төлөвшүүлэх нь бизнесмэн эсвэл гүйцэтгэх захирал таны үндсэн үүрэг юм.
 
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд