• 2837

Амжилтын нууц 1 – Төгсгөл

Дэлхийн тавдах том цаас үйлдвэрлэгч Stora Enso 1280 онд байгуулагдсан. Эднийх дэлхийн хамгийн хөгшин компани гэж зүй ёсоор тооцогдоно. Тэгвэл барилгын Kongo Gumi компани анх 578 онд байгуулагдсан. Гэхдээ эднийх ихэнх хугацаандаа гэр бүлийн бизнес хэлбэртэй байсан учраас анхны компани гэж тооцогддоггүй.

Харамсалтай нь хүмүүс үүнийг тэр бүр анзаарч боддоггүй. Цаг хугацааны мэдрэмж сул байдаг. Энэ нь бүтээмж муутай байх үндсэн шалтгаан болдог.

Жишээ нь нэг залуу хэлтсийн захирал болж тушаал дэвшжээ гэж бодъё. Яавал энэ залуу амжилт гаргаж, дараагийн шатанд гарах вэ?

Төгсгөлөө харж чаддаг байх

Хүмүүс амжилттай байхын үндэс нь олон хэл мэдэх, том сургуулийн диплом өвөртлөх, арвин туршлага хуримтлуулах, компани дотроо сайн улс төр хийх гэж эндүүрч боддог. Үнэн хэрэгтээ ТӨГСГӨЛӨӨ ХАРЖ чаддаг хүн л амжилт гаргадаг.

Энэ залуу тухайн хэлтсийн захирлын ажлыг хэзээ өндөрлөх вэ гэдгээ тодорхой харж байх ёстой. Ингэвэл ямар үр дүнтэйгээр дуусгах вэ гэдэг нь харагдана. Үр дүн – Төгсгөл хоёр ийм салшгүй уялдаатай байдаг. Нэгэнт ТӨГСГӨЛ, үр дүн хоёрыг харж чадсан хүн, хугацааны дундуурх төлөвлөлтөө тодорхой гаргаж чадна.

Үүнийг л ВИЖН гээд байгаа юм шүү дээ.

Монголд 23 настай залуу ажилтан бодохдоо “Нас залуу байна, сайн шоудаж авъя. 30 гараад болох биз.” гэдэг. Гэтэл 30 настай залуу “Гадаадад л магистрт явъя.”. Харин 40 настай ажилтан бодохдоо “Би сурах юмаа сураад дууссан. Одоо орой үдэш сууя ч гэсэн ядраад байх болжээ.” гэдэг. Үнэндээ аль аль нь буруу бодож байна. Эдгээр бодлууд бол хий хоосон найдсан, эсвэл бууж өгсөн бодлууд юм. Ийм хүмүүс бүтээмж гаргахгүй.

23 настай сургууль төгссөн залуу, 28 нас хүрч шинэ ажилтны статусаа алдах үедээ ямар бүтээл гаргаж, ямар үр дүнд хүрсэн байх вэ гэж үр дүнгээ буюу төгсгөлөө маш сайн харах учиртай.

Компанийн захирлаар ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн заавал хэзээ, ямар үр дүнтэйгээр ажлаа дуусгах вэ гэдгээ тодорхой харж байх ёстой. Хэзээ нэгэн цагт дуусах нь ертөнцийн жам. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай. Харин тэр хооронд ямар үр дүн гаргах вэ?
 
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд