• 5994

Стратегич гэж хэн бэ?

500,000 жилийн тэртээх хүн сүрэг аварга том арслан зааныг агнаж хүнс тэжээлээ залгуулна. Аюултай, том амьтныг уран арга хэрэгжүүлэн агнаж буй тэрхүү хүн сүрэг бол СТРАТЕГИЧ амьтад мөн. Тэр үед магадгүй хэл яриа үүсээгүй байсан биз. Эндээс бид стратегийн ухаан нь хүн төрөлхтний хамгийн эртний ухаан болохыг харж болно.  

800 жилийн тэртээх өвөг дээдэс маань хүртэл дэлхийн 4 зүгт зэрэг довтолж, хамгийн баян, хамгийн хүчирхэг улсуудыг нэгэн зэрэг буулган авахдаа стратегийн ухаан л ашиглаж байв. Энэ үеийн монголчууд стратегийг өглөөний кофе ууж байгаа мэт л амар хялбар хийдэг байлаа. Үүнийг бид бодитой үр дүнгээр нь нотлон харна. Стратегич яваад өнгөрсөн газар тодорхой үр дүн үлддэг. 

Бидэнд ийм ойрхон, ийм энгийн байсан ухаан, харамсалтай нь одоо цагт алсран одож, стратегийг ойлгодог хүн олдохоо байжээ. Түүнийхээ горыг ч бид амсаж, дэлхийн хамгийн ядуу буурай орны нэг болчхоод сууж байгаад гайхах зүйлгүй.  

Түрүүнд хэлсэн, стратегич хүн үр дүнгээрээ нотлогддог гэж. Гэхдээ нэг удаагийн тохиолдол, эсвэл нэг үр дүн нь хангалттай биш юм. Аз байж болно. Үнэн хэрэгтээ стратеги бол илүү тухайн хүний зан авир, хандлагыг илэрхийлж байдаг. Яг л шударга хүн гэдэгтэй адил. Шударга хүний бүхий л зүйлд хандах хандлага нь шударга байх бөгөөд энэ нь удаа дараа нотлогдон харагдаж байх учиртай. Стратегич хүн ч гэсэн өөр талбаруудад, цаг хугацааны турш дахин дахин нотлогддог.  

Сүбээдэй баатар л гэхэд дэлхийн 3 тивд 65 тулаан нэг ч ялагдалгүй хийж, 32 улс орныг эзлэн нэгтгэсэн байдаг. Тэгвэл Стив Жобс 52 наслахдаа 10 гаруй агуу стратеги гаргаж, тэр тус бүр нь хэдэн тэрбум долларын бизнесүүд болон цэцэглэсэн. Компьютероос эхлээд гар утас, хөгжим, архитектур, худалдаа, кино урлаг гээд орсон салбар бүртээ цахиур хагалсан. Энэ цаг үеийн стратегич Элон Маск төлбөр тооцооны PayPal бизнесээс пуужин үйлдвэрлэл, цахилгаан машин, сансрын холбоо, сошиал медиа гээд өөрийгөө дахин дахин нотлон харуулж байна.  

Эндээс бид стратегийн ухаан бол Мөн Чанар ухаан буюу бүхий л салбарын суурь ухаан гэдгийг төвөггүй харж болно. Стратеги бол Хандлага мөн. Хүн бүр шударга болж болохтой адил хүн бүр стратегич хандлагатай болж болно.  

Стратеги суурь ухаан гэдгийг бид хувь хүн амьдралаа залж чиглүүлэх, улс орон хөгжих, компани зах зээл эзлэх, цэрэг арми тулаанд ялах гээд бүхий л нэгжид яг ижил үйлчилж байгаагаас харж болно.  

Аливаа компанийн гүйцэтгэх захирал заавал стратегич байх шаардлагатай юм байна гэдгийг бид нийтлэлээс тодорхой ойлгож авч байна. Маркетингаас эхлээд санхүү, борлуулалтаас эхлээд эрсдэлийн менежмент гээд маш олон салбарыг нэгэн зэрэг харахаас эхлээд өрсөлдөөнд ялж, зах зээлийг эзлэхийн тулд стратегич байхаас өөр замгүй.