• 3539

Захирал хүн хэрхэн хүлээн зөвшөөрөгдөх вэ?

Захирлууд ажилтнууддаа хүлээн зөвшөөрөгдөх нь нэлээн том асуудал болдог. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдөөгүй захирал хэчнээн ухаантай байгаад ч менежмент хийж чадахгүй. Лидерийн онол болон өөрийн туршлагаас зөвлөмж өгье гэж бодлоо.
Юуны өмнө захирал ба ажилтны харилцаа нь лидер ба дагагчийн дүрээр буудаг учраас захирал хүн лидер болж хувирах хэрэгтэй. Ихэнх захирлууд үүнийг ойлгоогүйгээс болж будилдаг. За тэгвэл лидерийн дүр гэдэгт юу юу багтах вэ.

Мэргэжлийн дүр
Монголын ихэнх захирлууд хийж буй ажлаа сайн мэддэггүй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байж чаддаггүй. Ийм хүнийг хэн ч дагахгүй, хүндлэхгүй. Хийж буй ажилтай нь холбоотой тоо асуухад “харчхаад эргээд хэлье” гэх хандлага бол наад захынх. Мэргэжлийн байж, хийж буй ажлаа нэвт шувт судалж байж л хүмүүсийг дагуулна. Тоонуудаа санадаггүй, мартчихаад байдаг бол хэвлэж тавьчхаад өглөө бүр харж занших хэрэгтэй.
Товч, тодорхой чиглэл
Захирлууд ажилтнууддаа тодорхой даалгавар өгдөггүй. Захирлын өгч буй даалгавар нь хэзээ?, хэнээр?, хэр их ажил хийлгэж?, ямар үр дүн гаргах вэ?, энэ ажлыг яагаад хийж байгаа вэ?, Энэ ажлыг яаж хийх вэ? зэрэг асуултуудад маш тодорхой хариултыг өгөх ёстой. Учир нь даалгавар өгөгдмөгц ажилтны далд болон ил ухамсарт эдгээр асуултууд шууд хөвөн гарч ирдэг. Ажилтны эргэлзээг бүрэн арилгаж чаддаг бол ажилтны сэтгэл таатай болж захиралтай сөргөөлцөлдөх сэдэл төрөхгүй.
Үлгэр дуурайл
Шаварт түрүүлж гараа дүрдэггүй лидерийг хэн ч дагахгүй. Энэ бол хэдэн мянган жил менежерүүдийн хэлж, ярьж, бичсэн дүрэм. Тухайн ажлыг захирал өөрөө бас хийж чаддаг байх ёстой бөгөөд үе үе ажилтнууддаа үлгэрлэн харуулдаг байх хэрэгтэй. Эрт дээр үед манай нэг найз “Буян Жагаа өөрөө зам индүүдэгч машинаа жолооддог гэнэ лээ” гэж маш их бахархаж шүтсэн байдалтай ярьж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Иймэрхүү ганцхан үйлдлээр насан туршийн сэтгэгдэл үлдээж болно.
Ментор дүр
Монголын боловсролын систем хүндхэн байдалтай байгааг бүгд мэднэ. Эндээс сэтгэлзүй, мэдлэг, чадвар, боловсролын хувьд бүрэн дүүрэн хүмүүс бэлтгэгдэн гарч чаддаггүй. Тэгэхээр монголын хүний нөөцийн менежмент нь америкийнхаас ихээхэн өөр байж таарах юм. Америкт бол сургууль төгссөн хүн нь нэлээн боловсорсон хүн байж таарна. Харин манайд тийм биш байна. Бид хойшоо хэд хэдэн алхам хийхээс өөр аргагүй.
Өөрөөр хэлбэл ажилтандаа зөвлөдөг, ажилтнаа сургадаг, ажилтнаа боловсруулдаг захирлууд л монголд хүлээн зөвшөөрөгдөнө. Энэ ментор дүр бол зөвхөн ажил төдийгүй амьдралын бусад талбаруудад ч үйлчлэх ёстой. Жишээ нь монголын дундаж ажилтан хувь хүний санхүүгээ яаж төлөвлөх талаар хэр мэдэх билээ? Өөрийгөө сургаж хөгжүүлэхийн тулд хэний номыг унших, ямар курст хамрагдах талаар хэр мэдлэгтэй вэ?
Анхааран халамжлагч дүр
За энэ сүүлчийн дүр бол хамгийн чухал дүр юм. Бид бүгдээрээ 4 орчим сая жилийн турш хувьсан бий болсон араатан амьтад билээ. Өнгөрсөн хугацаанд бид яг л чонын сүрэгтэй адил тасралтгүй лидер эсвэл дагагч дүрд орсоор өнөөг хүрсэн юм. Хэн хүчтэй нь дагуулдаг юм биш, харин хэн сэтгэлтэй нь л дагуулдаг хорвоо. Өөрөөр хэлбэл дагагч нарынхаа төлөө санаа тавьж, чин сэтгэлээсээ тэднийхээ сайн сайхныг боддог хүнийг л хүмүүс дагадаг.
Хүмүүсийн далд ухамсарт 4 сая жилийн турш хөгжиж бий болсон өөрийнх нь төлөө санаа зовниж, санаа тавьж буй хүнийг таних программ бий. Энэ программ нь секундийг 100 хуваасны дайтай хурдан ажиллаж удирдагчаа олж танихаар загварчлагдсан. Та дараагийн удаа ажилтантайгаа ярилцахдаа чин сэтгэлээсээ түүнийг сонсож, түүний ар гэр, ахуй амьдрал, ажил мэргэжлийг нь бүхэлдээ сэтгэлдээ тэгээд нэг үзээрэй.