- 1580
Аахилалт суурьтай менежмент VS Үр дүн суурьтай менежмент
Орчин үеийн бизнес нь бүхэлдээ идеологи дээр суурилах боловч өдөр тутмын арга барилдаа прагматик байхыг шаарддаг.
Банкны салбарт ажиллаж байхдаа нэг удаа урт хугацааны чөлөөний дараа эргэж ажилдаа орох хүсэлтэй хэлтсийн захирал уулзлаа. Бид хоёрын яриаг сийрүүлбэл дараах байдалтай харагдах юм.
- Хэлтсийн захирал: Хуучин ажлаа хиймээр байна. Шийдэж өгөөч.
- Би: Таны хуучин хэлтэс захиралтай болсныг та мэдэж байгаа. Гэхдээ өөр хэлтсүүдэд бас захирал хэрэгтэй байна. Таны хүсэл, зорилго ер нь юу вэ?
- Хэлтсийн захирал: Өмнөх ажлаа л хиймээр байна. Би банкандаа олон жил ажилласан учраас банк намайг мэднэ. /шаардлагыг нь шууд зөвшөөрнө гэж төсөөлж байсан бололтой бухимдангуй болж ирэв/
- Би: Банканд олон жил ажилласан гэдгийг тань ойлгож байна. Гэхдээ энд та бид хоёр банкны өнгөрснийг биш харин ирээдүйг бүтээх тухай ярьж байгааг ойлгоорой. Хэлтсийн захирлын албан тушаалыг өнгөрсөн үеийн шагнал байдлаар өгөх боломжгүй. Нэгэнт та туршлагатай хүн учраас банкны ирээдүйд ямар хувь нэмэр оруулмаар байна вэ. Юу хүсэж байна вэ. Юу бүтээмээр байгаагаа яривал зүгээр байна.
- Хэлтсийн захирал: /илт бухимдаж, гарч одов/
Энэ яриаг уншсан ихэнх хүн намайг хэт хатуу хандсан мэт төсөөлөх нь дамжиггүй. Гэхдээ сайтар тунгааж үзвэл тийм биш гэдгийг ойлгох болно. Миний хувьд тэр хүнд шударга хандахыг хичээсэн бөгөөд байгууллагын эрх ашгийг мэдээж нэгдүгээрт тавьсан билээ.
Монголчууд бид тэр чигтээ “аахилалт” суурьтай менежментэд нэрвэгдээд байна. Компаниас эхлүүлээд нам, төр гээд тэр чигтээ хэн их аахилсан хүнийг албан тушаалаар шагнадаг болоод байна. Энэ нь монголын компаниуд төдийгүй улсын хөгжлийг айхтар боож, сэтгэлзүйн саад болдог.
Барууны компаниудыг харахад тэд монголчууд бидэнд хэт хахир хатуу мэт санагдах боловч үнэн хэрэгтээ тэдний хэрэгжүүлдэг “үр дүн” суурьтай менежмент нь илүү ШУДАРГА систем юм. Хэнийг ч хуурахгүй, хэн нэгнийг их сайн “аахилсан” учраас биш харин хэр их “үр дүн” гаргаснаар нь урамшуулдаг учраас тэр.
Компанид олон жил зүтгэж ажилласан юм бол тэр нь заавал үр дүнгээр баталгаажих ёстой. Мөн манайхны байнга ярьдаг зүйл бол “сэтгэлээ зориулж зүтгэсэн” тухай юм. Хэрэв хэн нэгэн нь сэтгэлээ зориулж зүтгэсэн л юм бол тэр нь бодитой үр дүнгээр баталгаажиж байх ёстой. Илрэл үгүй сэтгэл яаж сэтгэлд тооцогдох билээ. Ихэнхдээ энэ нь хоосон хууралт, өөрийгөө тайтгаруулах л явдал болно.
Том зургаар нь харвал монголын компаниудын суурь нь мөнгө, шунал, албан тушаал дээр суурилсан прагматик байдал, харин өдөр тутмын ажилд хандах арга барил нь сэтгэлзүйн асуудалтай хүн мэт “аахилалт” суурьтай болж хувирсан. Уг нь бол бизнесийн суурь нь идеологи дээр суурилж, харин өдөр тутмын ажлын арга барил нь прагматик байвал болох гээд байна. Хэн их аахилсан нь дээшилдэг биш харин хэн их үр дүн гаргасан нь л дээшилдэг соёлыг нэвтрүүлэх ёстой юм. Тэгж байж л манай улс орон хөгжинө.