• 8520

Үхэл ба цаг хугацаа

Менежер хүний амжилт цаг хугацаагаар хэмжигддэг. Гэхдээ бид мөнгөөр, өсөлтөөр хэмжигддэг юм шиг л төсөөлдөг. “Жилд ХХХХ төгрөгийн ашигтай”, “Улиралд ХХХХ хувийн өсөлттэй” гэх мэтээр бид тухайн хугацаанд ямар ахиц гаргаснаа л хэмжиж үздэг. Өөрөөр хэлбэл бизнест цаг хугацаа гол хэмжүүр юм.

Хэдийгээр бизнесийн үндсэн гол нөөцийг Хүн, Мөнгө, Технологи гэж орчин үед үздэг боловч бид Цаг Хугацаа хэмээх суурь нөөцийг орхигдуулж болохгүй.

Хүн, Мөнгө, Технологийг бид олж болно. Цаг хугацаа харин хэзээ ч нөхөгдөхгүй. Сайн хүмүүсээ алдлаа гэхэд бид илүү сайныг хайгаад олж болно. Технологи хоцрогдлоо гэхэд бид шинэ технологи гаргаж ирж чадна. Харин цаг хугацааг бол үгүй.

Гэтэл хязгааргүй цаг хугацаанд, үүрд ажиллаж амьдрах мэт аяглах менежерүүд, бизнесмэнүүд маш олон байна.

Бизнес хийнэ, менежмент хэрэгжүүлнэ, захирал болно гэдэг бол тэр чигтээ психологийн асуудал юм.

Сэтгэл зүйн бэлтгэлгүй, хүмүүсийн сэтгэл зүйг таньж, удирдаж чадахгүй хүний хувьд санахын ч хэрэггүй ажил. Тийм ч учраас би өнөөдөр менежментийн ухааныг психологи, философийн үүднээс авч үзэхийг санал болгож байгаа юм.

Сэтгэл зүйч нар сүүлийн үед компанийн захирлуудад долоо хоногт хамгийн багадаа 1 удаа үхлийн тухай бодож байхыг зөвлөж байгаа нь санамсаргүй зүйл биш. Хэрэв үхэх тухай боддоггүй. Өөрөөр хэлбэл цаг хугацаа хязгаартай, урсан өнгөрч, дуусч байгаа гэдгийг мэдэхгүй, анзаардаггүй хүнээр захирал хийлгэвэл тэр компанийн хувь заяа яах нь ойлгомжтой.

Үхлийн тухай бодох нь өөрөө хязгаарлагдмал цаг хугацааг хэрхэн зөв ашиглаж, хамгийн өндөр бүтээмжийг үзүүлэх вэ гэсэн натурал асуултанд хүргэдэг юм.

Цаг хугацаа хязгааргүй мэт, үхэхгүй мэт – удаан, хөдөлж ядсан, хүнд сурталд нэрвэгдсэн менежер төсөөлөгдөж байгаа байх. Эсвэл бүх зүйлийг болохгүй, бүтэхгүй гэж сөрөг хардаг нэгэн бодогдож ч болох юм. (Хэрэв одоо л зүтгээд болгож, бүтээхгүй бол цаг хугацаа таны хувьд хязгаартай, дуусна.) Мөн эрүүл мэнддээ огт анхаардаггүй, маргааш байхгүй мэт биеэ тарамдуулдаг хүмүүс санаанд чинь орж байгаа байх.

Компанийн захирлаар 250 наслах гэж байгаа юм шиг ааш аятай хүнийг л тавьж хэрхэвч болохгүй.

Одоо хэдүүлээ ажилтнуудаа сэтгэл зүйн хувьд цаг хугацааг маш соргог мэдэрдэг, цаг урсан өнгөрч, дуусч байгааг ухамсарладаг болгож бэлтгэх хэрэгтэй байна.

Захирлууд эхлээд өөрсдөө 7 хоногт 1 цаг гаргаад үхлийн тухай бодож эхлэх хэрэгтэй. Хэзээ үхэх вэ, яаж үхэх вэ, үхэх үед ардаа ямархуу байдалтай хамт олон үлдээх вэ, үхсэн хойно чинь хүмүүс юу гэж дурсах вэ гээд л бодоод байх хэрэгтэй байна. Хэрэв болмоор байвал өөр өөрсдийн технологи гаргаад ажилтнууддаа ийм дасгал хийлгэж болно.

 

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд