- 5805
50 сая төгрөгийн эрүүл мэндийн хамгаалалт
Арваад жилийн өмнө манай компанид 20 настай Чех оюутан дадлагаар ажилласан юм. Манайхан өвлийн зугаалга хийж, цанаар гулгах болоход нөгөөх маань “хэрэв цанаар гулгаж байгаад хөлөө хугалчихвал миний эрүүл мэндийн даатгал үйлчилэхгүй.” гэж хэлээд татгалзаж билээ. Би тэгэхэд нь нэгдүгээрт нас залуу байж эрсдлийн талаар ийм өндөр ухамсартай байгааг нь, хоёрдугаарт Чех бол Монголтой л адилхан хуучин социалист орон боловч иргэд нь бүгд даатгалд хамрагдсан байгааг нь мэдэрч гайхаж билээ.
Саяхан таньдаг хүн маань хорт хавдар хэмээх хүнд өвчин тусч, найз нөхөд бид мөнгө цуглуулж өгөх болов. Тэр орой нь харих замдаа би хэрэв Англид байсан бол бид мөнгө цуглуулж өгөх байсан болов уу гэж бодсон юм. Бид эргэн тойрондоо, телевиз, фэйсбүүкээр эмчилгээний төлбөр цуглуулах хандивын аян харсаар дасал болчихжээ. Хэрэв Англид байсан бол бид төлбөр цуглуулж өгөх биш харин баглаа цэцэг л өгөх байсан юм.
Яагаад?
Яагаад гэвэл Англид хүн өвдөхөд эрүүл мэндийн даатгалын систем нь ажиллаж эмчилгээний төлбөрийг нь төлдөг учраас. Харин манайд үгүй.
Хэдэн жилийн өмнө Хонг Конгод олон жил хамтарч ажилласан найз Томтойгоо уулзсан юм. Том бол олон тэрбум долларын хөрөнгө оруулалтын сан удирдан ажиллаж ирсэн туршлагатай банкир, хөрөнгө оруулагч юм.
Би Томоос “Чи надад ямар ямар даатгалтай тухайгаа хэлээч.” гэхэд “хорт хавдарын хамгийн сайн эмчилгээ жилийн 300 мянган доллар болдог учраас би өөртөө болон эхнэр хүүхдүүддээ тус бүр 1.5 сая долларын эрүүл мэндийн даатгал авсан. Мөн хүүхдүүдээ 18 нас хүртэл нь өөр дээрээ амь насны даатгалтай.” гэж тайлбарлав.
Би хариуд нь мөнгөтэй, чинээлэг хүн байж чи заавал ийм даатгалаар яадаг юм бэ гэж асуухад тэр инээж.
“Ганзо, бизнесмэн хүнд заавал байх ёстой, хамгийн чухал зүйл бол даатгал юм. Учир нь бизнесмэн хүн өвдөхөд бизнес нь зогсдог. Асуудал гарна. Аягүй л бол буруу менежмент орж ирээд бизнес унаж ч мэднэ. Тэгээд бас эмчилгээндээ зориулж хураасан мөнгөө зориулна. Эцэст нь эхнэр хүүхэд чинь мөнгө ч үгүй, хүн ч үгүй л үлдэнэ шүү дээ.” гэж бас нарийвчлан тайлбарласан юм.
Өнөөдөр манай олон бизнесмэнүүд, компанийн захирлууд ямар ч даатгалгүй явж байдаг нь хэвийн л үзэгдэл. Хөрөнгө нь даатгалгүй, ажилтнуудаа даатгаагүй, эрүүл мэнд нь даатгалгүй, амь нас нь ч бас даатгалгүй л байдаг. Үүнээс болоод гэнэт зовлон бэрхшээл тохиолдоход бизнес нь нурж, карьер нь үгүй болж, ар гэр нь хохирсон тохиолдол олон бий.
Тийм учраас би бизнесмэнд зориулсан энэ блогоороо дамжуулж танд юуны өмнө заавал өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг даатгуулаарай. Тэгээд ажилтнуудынхаа эрүүл мэндийг бас даатгуулдаг юм шүү гэж захимаар байгаа юм.
Бид сар бүр цалингаасаа улсын эрүүл мэндийн даатгалд төлдөг. Уг нь энэ төлбөрийн маань хариу ирчихдэг бол болчих гээд байгаа юм.
3 сая төгрөгний цалинтай хэлтсийн захирал байна гэж үзвэл энэ хүн жилдээ 1,440,000 төгрөг эрүүл мэндийн даатгалд төлнө. Харамсалтай нь үр ашиггүй улсын системээс болоод хариуд нь жилд ердөө 2,000,000 төгрөгний л нөхөн төлбөр авч чадна. Тэгээд гадаад улсад болон Монгол улсын нэр хүндтэй, сайн хувийн эмнэлгүүдэд үйлчлэх нь бага, байхгүй шахуу.
Хувийн даатгалын компаниудтай ярилцаж үзэхэд зарчмын хувьд өөр хамгаалалтыг санал болгодог юм байна.
Энэ удаад Мандал Даатгалын ЖАРГАЛАН эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг энд онцлох хүсэлтэй байна. Жаргалан даатгалд сар бүр 40,000 төгрөг төлөх бөгөөд хариуд нь нийтдээ 50,000 төгрөгний эрүүл мэндийн хамгаалалт авах юм байна. Мөн дээрээс нь нэмээд хувийн өрөөнд хэвтэн эмчлүүлэх, жирэмслэлт болон төрөлттэй холбоотой нэмэлт үйлчилгээнүүд авахаас гадна Монгол улсын хамгийн нэр хүндтэй Интермэд, Грандмед, Сонгдо зэрэг эмнэлгүүдэд бүрэн үйлчлүүлж, бүүр Солонгос, Хятад, Тайланд улсуудад хүртэл эмчилгээ хийлгэж болдог юм байна.
Та бүгд энэхүү даатгалыг сонирхож байвал энд дарж мэдээлэл аваарай.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг