- 10747
Ажилд авах ярилцлагын шпаргалка
Захирлууд байнга л өндөр бүтээмжтэй ажилтныг хайж байдаг. Харамсалтай нь бодит амьдрал дээр тухайн хүн өндөр бүтээмжтэй эсэхийг анкет, диплом нь илэрхийлдэггүй. Сайн сургууль төгссөн, онц сурсан, олон хэлтэй гэдэг нь бүтээмжийн индикатор биш байдаг.
Ийм л учраас бид хүмүүсийг ярилцлаганд дууддаг.
Бүтээмж үнэн хэрэгтээ хүний сэтгэл зүйгээс шууд хамаардаг болох нь батлагдсан зүйл. Тийм ч учраас ажилд авах ярилцлага нь тухайн хүний сэтгэл зүйн хандлагыг таньж мэдэхэд чиглэдэг.
Ингээд би ярилцлага хийх явцдаа хардаг сэтгэл зүйн 3 хандлага, холбогдох аргуудаас энд хуваалцая.
Өөрийгөө хэр нээснийг нь харах.
Харвардад элсэх шалгалтын нэг гол сорил нь эссэ бичих байдаг. Эссэний олон сэдэв байдгаас “Таны амьдралдаа гаргасан 3 том амжилт юу вэ?” гэсэн сэдвийг би тогтмол ярилцлагын асуулт болгож ашигладаг. Хэрэв тухайн хүн сургууль төгссөн, гэр бүлтэй болсон, хүүхэдтэй болсон нь миний амжилт гээд эхлэх юм бол анхааралдаа авах хэрэгтэй. Хүн бүр л сургууль төгсч, гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болдог. Гэтэл танд танай компанийг дараагийн шатанд гаргах, амбицтай, зорилготой, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой ажилтан хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийн өвөрмөц зорилго, онцлогыг нээж чадсан эсэхийг нь энэ асуултаар хялбархан харж болдог. Өөрийгөө нээж чадсан хүн амжилтыг маш өөр байдлаар тодорхойлдог. Та туршаад үзээрэй.
Ажил, гэр бүлийн балансыг барьж чадах эсэхийг нь харах.
Зарим хүмүүс ажил болон гэр бүлийн аль нэгийг нь сонгох ёстой гэж бодох гээд байдаг. Үнэн хэрэгтээ зоосны хоёр талтай адилхан ажил, гэр бүл хоёр хоёулаа хүний амьдралын салшгүй хэсэг болдог. Энэ хоёрыг хооронд нь өрсөлдүүлж, сөргөлдүүлж авч үзэж байгаа хүн бүтээмж гаргаж чадахгүй.
Миний хувьд “Ажлын шаардлагаар заримдаа орой үдэш ажиллах, хагас бүтэн сайнд ажиллах хэрэг гарвал яах вэ?” гэж асуудаг. Мөн лавшруулж “Ажил, гэр бүл хоёрын алийг нь сонгох вэ?” гэж асууж болно. Асуултынхаа өнгийг их зөв сонгоорой. Бид ажил болон гэр бүлийг хооронд нь сөргөлдүүлж, аль нэгийг нь сонгох гээд байгаа хандлага байгаа эсэхийг л харах гэж байгаа.
Олон хүмүүс “манай гэр бүл ийм, тийм асуудалтай учраас ажлын бус цагаар, илүү цагаар ажиллаж чадахгүй” гэж хариулдаг. Үүнийг анхааралдаа авах ёстой. Учир нь, нэгдүгээрт ажил бол тухайн хүний өөрийнх нь сонголт, сонирхол, хобби, дур, мөрөөдөл, зорилго, хүсэл эрмэлзэл байх ёстой болохоос биш оноож өгсөн ял биш. Хоёрдугаарт хүн бүр гэр бүлтэй, хойноо ямар нэг асуудалтай л байдаг. Тэр асуудлаа ажилтайгаа хольж хутгаж байгаа бол сайн хэрэг биш.
Жишээ нь марк цуглуулдаг хоббитой хүүхэд хэнээр ч хэлүүлэхгүй, өөрөө зохицуулаад, орой ажилтай бол өглөө үүрээр, өглөө ажилтай бол шөнө сууж байгаад маркаа судлачихна. Тухайн хүний хувьд ажил яг энэнтэй л адил байх учиртай. Хэн ч хэнийг ч хүчээр ажил хийлгэж чадахгүй шүү дээ.
Өгөгч эсвэл Авагч дүрийг тодорхойлох.
Бүтээмжид нөлөөлдөг сэтгэл зүйн бас нэг том хүчин зүйл бол тухайн хүний Өгөгч эсвэл Авагч дүр юм. Зарим хүн сэтгэл зүйн хувьд Өгөгч, өөрөөр хэлбэл бусдад өгөх хандлагатай байдаг бол. Зарим хүмүүс хүүхэд насны Авагч дүрээсээ салаагүй явж байдаг.
Бид хүүхэд байхдаа эцэг эхээсээ хайр энэрэл, хоол унд, хувцас хунар, мөнгө төгрөг авсаар өсч том болдог. Бид багш нараасаа боловсрол авдаг. Гэхдээ насанд хүрээд бид эргүүлээд өгч эхлэх ёстой нь хэнд ч ойлгомжтой.
Авагч дүртэй хүн компанид ороод ирвэл сүйрэл ирлээ л гэж бод. Ийм хүнээс бүтээмж гаргахгүй. Учир нь “бүтээмж” гэдэг үгний үндэс нь “бүтээх” тухай шүү дээ. Бүтээх гэдэг бол бусдад зориулж юм хийхийг хэлнэ. Авагч дүртэй хүний сэтгэл зүйд бусад хүнд зориулж юм бүтээнэ гэсэн ойлголт байхгүй.
Миний хувьд өмнөх ажлын эсвэл амьдралын туршлагууд, үйл явдлуудыг нь яриулах явцдаа тодотгож асуулт асуух замаар тухайн хүнийг Авагч эсвэл Өгөгч болохыг нь тодорхойлох гэж оролддог. Энэ өмнөх хоёрыг бодвол тийм ч амар биш, нэлээд их туршилт хийж, өөртөө тохирсон арга боловсруулж авах хэрэгтэй.
Дээрх 3 хандлагыг тодорхойлж, ярилцлага хийхдээ БАГИЙН ГИШҮҮН МӨН ЭСЭХ, ЛИДЕР ЧАНАР, ХҮЛЭЭЛТ, СОНСОХ ЧАДВАР гэх мэт сэтгэл зүйн бусад хандлагуудыг нь мөн үзэх хэрэгтэй.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг