амжилтын-нууц-дотоод-сургалт
  • 3178

Амжилтын нууц 2 – Дотоод сургалт

Компаниуд ажилтнуудаа сургаж хөгжүүлэхэд байнга анхаардаг.

Харамсалтай нь олон тохиолдолд дотоод сургалтууд ХЭЛБЭР болж хувирдаг. Багш нь заах аядаж, хүний нөөц нь зохион байгуулах аядаж, ажилтнууд нь оролцох аяддаг.

Өнөөдөр би Голомтбанкинд ашиглаж эхэлж байгаа дотоод сургалтын стандартуудаас хуваалцая.

Юуны өмнө ихэнх хүний нөөцийн албадууд зохион байгуулалтанд буюу хэлбэрт гол анхаарлаа хандуулдаг. Гэтэл сургалтын зорилго юу вэ? гэсэн асуултыг багш, ажилтнуудаас асуудаггүй.

Хүний нөөцийнхөн “энэ жил бид 300 хүн/цаг сургалт хийлээ.” гэх маягаар өөрсдийн ажлыг дүгнэдэг. Энэ бол хэлбэр болохоос биш бодитой чанарыг харуулахгүй. Аягүй л бол 300 хүний ажлыг 1 цаг хий дэмий үрсэн ч байж магадгүй.

Сургалтын зорилго бол үндсэндээ ӨӨРЧЛӨЛТ хийх асуудал байдаг. Ажилтнуудад мэдлэгийн, сэтгэлгээний эсвэл туршлагын өөрчлөлт хийнэ гэсэн үг.

Хүний нөөцийн албад багш нарт хатуу шаардлага тавьдаггүй. Гэтэл ямар ӨӨРЧЛӨЛТ хийх ёстойгоо ойлгоогүй багшийн сургалт ямар төвшинд явагдах нь ойлгомжтой.

Хүний нөөц ямар өөрчлөлтийг, ямар төвшний сургалтаар хийх вэ гэдэг асуултанд хариулах л үүрэгтэй болохоос биш зохион байгуулалтыг бол хэн ч хийчихэж чадна.

Одоо би энд танай компанид хэрэг болж магадгүй, манайд ашиглаж байгаа хэд хэдэн зарчмыг хөндөе.

1. Хүн өөрчлөгдөхөд харах ба сонсох нь хангалтгүй.

Өөрөө хийж үзэх, бодох, унших, бичих бас шаардлагатай. Тийм учраас Голомтбанкны бүх сургалтуудад дараах элементүүд орж байна.

  • Сургалт бүрт кэйс ажиллуулах. Кэйс ажлыг багш өөрөө зохиох буюу Харвардын кэйсийг орчуулдаг. Ажилтнууд практик кэйс ажилласнаар унших, бодох, ярилцах, мэтгэлцэх зэрэг олон хэлбэрээр мэдлэгийг олж авах боломжтой болдог.
  • Багийн ажиллагааг шаардах. Бүх сургалт заавал ямар нэг багийн ажиллагаа шаардсан дасгал агуулснаар, ажилтнуудад өөрсдөө хийж үзэх боломжийг олгодог.
  • Унших материал олгох. Сургалтын өмнө, эсвэл дараа нь тухайн сэдэвтэй холбоотой онолын товхимолыг уншиж танилцана. Ингэснээр ажилтнууд илүү өндөр бэлтгэлтэй болох буюу мэдлэгээ баталгаажуулдаг.

2. Багш бол өгөгч.

Хэрэв багш, хүний нүдэнд харагдахгүй жижигхэн фонттой презентац тавьж, сонсогдохгүй амандаа гөвтнөж, учир утга нь олдохгүй ангилал зүй ярьж эхэлвэл яах вэ. Хүмүүс ихэнхдээ “би муу учраас ойлгож чадсангүй” гэж өөрийгөө буруутгадаг.

Гэтэл Алберт Эйнштейн нэгэнтээ “Хэрэв чи цөмийн физикийг эмээдээ ойлгуулж чадахгүй бол өөрийгөө цөмийн физикч гэж нэрлэх хэрэггүй.” гэж хэлсэн байдаг. Танил дүр төрх харагдаж байгаа биз? Голомтбанк дотоодын ба гадаадын багш нартаа хатуу стандарт, шаардлага тавьж эхэлж байгаа юм. Тоймлвол:

  • Багш ямар өөрчлөлт хийх гэж байгаагаа тодорхой мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүрэх үр дүнгээ сайтар ойлгосон байна гэсэн үг.
  • Багш нэг л мессеж дээр төвлөрнө. Манайхан ихэнхдээ тухайн сэдэвийн хүрээнд байж болох бүх сэдвийг ангилал зүй болгож ярьж хүмүүсийг залхаадаг. Өөрөө 20 жилийн турш судласан зүйлээ 2 цагийн дотор хүмүүст бүрэн өгнө гэж байхгүй. Гол нь тухайн 2 цагт өгөх гол мессеж юу вэ. Хүмүүсийн гэртээ авч харих гол өөрчлөлт гэсэн үг.
  • Багш өөрөө тухайн ажилтнуудын ойлгоц, хурлын залны талаар урьдчилсан мэдлэгтэй байж, өөрийн хичээлийн орчныг бүрэн мэдэрсэн байх ёстой.

Компанийн дотоод сургалтууд зорилго чиглэлтэй, чанартай байж чадвал танай байгууллагад заавал үр дагавар нь эерэгээр илэрч гарах болно.

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд