• 910

Компанион

49 жилийн өмнө байгуулагдсан Самсунг Электроникс өнөөдөр 300 тэрбум долларын үнэлгээтэй, 300,000 ажилтантай, дэлхийн хамгийн том электроникийн компани болон өргөжжээ. Өмнөд Солонгосын эдийн засгийн гайхамшигийг Самсунг Электроникс бүтээлцсэн юм. Солонгос залуучууд энэ л компанид ажиллахыг мөрөөдөж хүүхэд наснаасаа бэлтгэгддэг.

Монголын төгрөг долларын эсрэг тасралтгүй суларч байхад Солонгосын вон харин чанга байдгийн учир нь юу вэ.

Самсунг экспорт хийж жил бүр хэдэн арван тэрбум долларыг Солонгосын эдийн засагт оруулж ирдэг билээ.

Хэдэн жилийн өмнө, яаманд ажилладаг нэг найз маань ажилдаа сэтгэл ханамжгүй байгаагаа ярив. Би ч хувийн секторт орж надтай хамтарч ажиллаач гэж санал болгов. Гэтэл баруунд магистр хамгаалсан, чамгүй туршлагатай найз маань нэг л эргэлзээд байгааг би мэдэж лавшруулж асуусан юм. Тэр хэсэг бодолхийлснээ “компанид орвол хүүхэд насны мөрөөдлөөсөө ухрах гээд байна аа. Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж чадахгүй болно шүү дээ.” гэж хэлсэн юм. Мань хүн улс орны хөгжил дэвшилд компаниуд ямар ч үүрэггүй, харин яаман дээр том төслүүд хөдөлгөөд болдог гэж боджээ.

Би улс орны хөгжил дэвшлийг компаниуд л бүтээдэг тухай тайлбарлаж ярьсан боловч найз маань огт итгэхийг хүсээгүй билээ.

Ерээд оны үед бид сагс тоглоод, байрны подвалд байрлах ундааны цех орж 50 төгрөгний гэх ундааг авч булаацалдан залгилдаг байж билээ. Хүн бүр санаж байгаа байх. Одоо бодоход эрүүл ахуй, ариун цэврийн ямар ч шаардлага хангаагүй, ямар бодис хольж найруулсан нь мэдэгдэхгүй аюултай хүнс байжээ.

Гэнэтхэн л “150” гэх реклам монголын нийгмийг цочроож, 150 төгрөгний кока колаг монголд үйлдвэрлэж, 50 төгрөгний ундаа зардаг подвалын цехүүд бүгд үгүй болсон түүхтэй. Одоо бол бид ямар ч байсан дэлхийн стандартад нийцсэн ундаа уухтайгаа болсон.

Мөн өнөөдөр хөдөөний малчин, хонио хариулангаа хотод суугаа хүүхэддээ мобайл банкаар мөнгө шилжүүлж байна. Гайхамшигтай биш гэж үү. Энэ бол дэлхийн шилдэг технологийг мөнгө төгрөг гарган байж нутагшуулсан үүрэн холбооны компаниуд, банкуудын л гавъяа.

Яг үүнтэй адилаар дэлхийн стандарт болсон KFC, Bruger King, CU, Circle K сүлжээнүүд өнөөдөр орж ирж, стандартад нийцсэн хоол, үйлчилгээ үзүүлж эхэллээ. CU, Circle K дэлгүүрээр ороход худалдагч залуус нь сайхан боловсон харьцаж, сэтгэл ханамж өгч байна. Тэд залуусыг маань сургаж хүмүүжүүлж байна.

Энэ мэтчилэн өнөөдрийг хүртэл КОМПАНИУД л Самсунгтай адилаар Монголчуудад шилдэг үйлчилгээ, бүтээгдэхүүнийг авчирч; татвар төлж; залуусыг хөгжүүлж; доллар оруулж ирж байна.

Орчин үеийн хүн төрлөхтөнд хөгжлийг компаниуд авчирлаа. Банкууд, төмөр замын компаниуд, үйлдвэрүүд, Тесла, Гүүгл, Кока-Кола өнөөгийн дэлхийг бүтээсэн юм. Монгол ч үүнээс гажихгүй.

Тийм учраас бизнесмэнүүдийн нуруун дээр хүнд ачаа ирж байна. Бизнесмэн та өөрийн ажилтнуудад ажлынх нь ач холбогдол, улс орны өмнө хүлээж буй үүрэг хариуцлагыг нь сайтар ухамсарлуулж ойлгуулдаг уу?

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд