• 3428

Бизнесийн хамтрагчаараа хэнийг сонгох вэ?

Бизнесмэнүүд хамаатан садан, найз нөхөдтэйгээ хамтарч бизнес хийж болохгүй шүү гэж ярихыг бид олонтаа сонсдог.

Ер нь ямар хүнтэй хамтарч бизнес хийх ёстой вэ. Олон бизнесийн хамтрал гомдол, бүтэлгүйтлээр дуусдаг нь нууц биш.

Нэг талд нь өдөр шөнөгүй зүтгэсний эцэст амласан зүйлээ өгөлгүй бултчихлаа гэсэн гоморхол. Нөгөө талаас нь юу ч хийгээгүй, зүгээр орон тоо бөглөснийхөө хариуд хувьцаа, мөнгө авах гэлээ гэсэн бухимдал сонсогддог. Аль нь бодитой вэ.

Энэ хоёр дүрийн аль алинд нь тоглож үзсэн хүний хувьд хэлэхэд, бид шууд нэг талын мэдээлэлд итгэж болохгүй. Бизнест хийх ёстой байсан үүргээ биелүүлээгүй боловч нөгөө талаа адгийн луйварчин мэтээр гүтгэж суудаг хүмүүс олон. Таны өмнө нэг бол маш шудрага, ажилсаг нэгэн, үгүй бол байдаг л нэг худалч бэртэгчин сууж байгаа гэсэн үг. Энэ хоёрын дундуур л лав яав ч биш.

Миний хувьд янз бүрийн бизнест төрөл бүрийн хүмүүстэй хамтарч, заримд нь ажиллаж, заримыг нь ажиллуулж, заримтай нь хувь нийлүүлж үзлээ. Дээр ярьсан шиг үл ойлголцол, гоморхол, бухимдал, бие биенээ муулах үйл явдал олныг харлаа.

Хамаатан болон найз нөхдүүдтэйгээ хамтрахад ямар асуудал гардаг вэ

Бид хүмүүстэй ихэвчлэн хувь хүний сонирхол, бага насны түүх, хобби зэргээрээ нөхөрлөдөг. Харамсалтай нь бизнест энэ ямар ч хамаагүй байдаг. Сайн найз гэдэг нь бизнесийн сайн хамтрагч гэсэн үг лав биш.

Бизнес бол аль болох эмоци багатай байхыг шаарддаг. Гэтэл найзлана нөхөрлөнө гэдэг бол тэр чигээрээ эмоцилог харилцаатай байх тухай асуудал. Тэгэхээр анхнаасаа эмоци дээр суурилсан харилцаа, эмоцигүй байхыг шаарддаг бизнесийн орчинд ороод ирэхээр хүндрэлд орж эхэлдэг. Ингээд бие биентэйгээ үл ойлголцох байдал бий болно.

Хамаатнууд ч мөн адил. Бие биендээ албатай юм шиг хандана. “Ах, дүү байж юун сүртэй юм” гэх мэтээр тунирхаж, эрхлэж эхэлдэг. Ингээд асуудал үүсэх нь ойлгомжтой.

Тэгэхээр хамаатнууд, найзуудтайгаа нийлж бизнес хийхээр бол анхнаасаа эмоцилог харилцаа, хүлээлтээ хаалганы гадна орхиж, төмөр мэт хатуу хахир бизнесийн харилцаанд орж буйгаа бүгд хүлээн зөвшөөрөх ёстой.

Эрсдэлийг хүлээн зөвшөөрөх

Тантай хамтрах гэж буй хүн чинь тухайн бизнесийг хийх явцад гарах эрсдлүүдийг урьдчилан харж, тооцоолж чадаж байна уу гэдгийг онцгой харах ёстой. Бид зарим хамтрагчаа “уснаас хуурай гарах гээд байдаг өөдгүй хүн” гэж ярих тохиолдол байдаг. Мэдээж хамтарч бизнес хийж яваад том эрсдэлд ороход хэн нэгэн нь сугарч гарах гээд байвал бусдад нь ямар санагдах билээ.

Эрсдэлгүй, зовлонгүй, алдагдалгүй бизнес гэж байдаггүй. Тэр бүгдийг урьдчилж харж чадахгүй хүн байнга цочирдож, шоконд орж, бурууг бусдаас хайх гээд байдаг юм.

Тэгэхээр та бүгд одооноос хамтарч бизнес хийх гэж буй хүнээ тандахдаа:

  • Тухайн бизнесийг хийх явцад гарах олон төрлийн эрсдлийг харж, хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэлтэй байна уу. (ийм бэлтгэлтэй хүн дараа нь новшрохгүй)
  • Хамтрагч нартай харилцахдаа эмоцио урдаа тавьдаг хүн үү, эсвэл бизнесийн нийтлэг стандартыг дагаж, эмоцио хойш нь тавьж, асуудалд прагматик хандаж чаддаг хүн үү.

Дээрх хоёр шалгуурыг хангаж чадаж байгаа хүн хамаатан ч бай, найз ч бай 95 хувийн магадлалтайгаар танд сайн хамтрагч болж чадна. Амжилт хүсье.

 

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд