Өлзийбаярын ГАНЗОРИГ

ganzo.mn

Бүртгүүлэх

Та шинэ нийтлэл бүрийг цаг алдалгүй уншихыг хүсвэл БҮРТГЭЛ-ээ баталгаажуулаарай. Нийтлэл гарах бүрт таны и-мэйл хаяг руу мэдэгдэл явуулах болно.

Хэрэв та өмнө бүртгүүлсэн бол зөвхөн имэйл хэсэгт бүртгэлтэй имэйлээ оруулахад болно.

И-мэйл
Овог
Нэр
Утасны дугаар
Хүйс
Насны ангилал
Хот/Орон нутаг
Хороо/Аймаг

Жич: Бүртгэл баталгаажсан имэйл танд ирээгүй бол та спам-аа шалгаад, үндсэн имэйл руу шилжүүлээрэй.

Баталгаажуулах

2018-10-09 Нийтэлсэн: Ө.Ганзориг |

КОМПАНИОН

49 жилийн өмнө байгуулагдсан Самсунг Электроникс өнөөдөр 300 тэрбум долларын үнэлгээтэй, 300,000 ажилтантай, дэлхийн хамгийн том электроникийн компани болон өргөжжээ. Солонгос залуучууд Өмнөд Солонгосын эдийн засгийн гайхамшгийг бүтээлцсэн энэ л компанид ажиллахыг мөрөөдөж хүүхэд наснаасаа бэлтгэгддэг. Монгол Улсын төгрөгийн ханш долларын эсрэг тасралтгүй суларч байхад Солонгосын воны ханш чанга байдгийн учир юу вэ? Самсунг электроникс жил бүр хэдэн арван тэрбум долларын экспорт хийж улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулдаг.


Хэдэн жилийн өмнө нэгэн яаманд ажилладаг найз маань ажилдаа сэтгэл ханамжгүй байгаагаа ярив. Би ч хувийн секторт орж надтай хамтарч ажиллах санал тавилаа. Гэтэл баруунд магистрийн зэрэг хамгаалсан, чамгүй туршлагатай найз маань нэг л эргэлзээд байгааг би мэдэж лавшруулж асуусан юм. Тэр хэсэг бодолхийлснээ “Компанид ажиллавал хүүхэд насны мөрөөдлөөсөө ухрах гээд байна аа. Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж чадахгүй болно шүү дээ.” гэж хэлсэн юм.


Мань хүн улс орны хөгжил дэвшилд компаниуд ямар ч үүрэггүй, харин яаманд том төслүүд хөдөлгөөд байж болдог гэж боджээ. Би улс орны хөгжил дэвшлийг компаниуд л бүтээдэг тухай тайлбарлаж ярьсан боловч найз маань огт итгэхийг хүсээгүй юм. Ерээд оны үед бид сагс тоглоод, байрны подвалд байрлах ундааны цех орж 50 төгрөгийн гэх ундааг авч булаацалдан залгилдаг байж билээ. Хүн бүр санаж байгаа байх.


Одоо бодоход эрүүл ахуй, ариун цэврийн ямар ч шаардлага хангаагүй, ямар бодис хольж найруулсан нь мэдэгдэхгүй аюултай хүнс байж. Гэнэтхэн л “150” гэх реклам Монголын нийгмийг цочроож, 150 төгрөгийн кока колаг Монголд үйлдвэрлэж, 50 төгрөгийн ундаа зардаг подвалын цехүүд бүгд үгүй болсон түүхтэй. Одоо бид ямар ч байсан дэлхийн стандартад нийцсэн ундаа уухтайгаа болсон.

Мөн өнөөдөр хөдөөний малчин хонио хариулангаа хотод суугаа хүүхдэдээ мобайл банкаар мөнгө шилжүүлж байна. Гайхамшигтай биш гэж үү. Энэ бол дэлхийн шилдэг технологийг хөрөнгө гарган байж нутагшуулсан үүрэн холбооны компаниуд, банкнуудын л гавьяа.

Яг үүнтэй адилаар дэлхийн стандарт болсон KFC, Burger King, CU, Circle K сүлжээнүүд манай улсад стандартад нийцсэн хоол хүнс, үйлчилгээгээ үзүүлж эхэллээ. CU, Circle K дэлгүүрээр ороход худалдагч залуус нь сайхан боловсон харьцаж, сэтгэл ханамж өгч байна. Тэд залуусыг маань сургаж хүмүүжүүлж байна.

Энэ мэтчилэн өнөөдрийг хүртэл компаниуд л Самсунгтай адилаар Монголчуудад шилдэг үйлчилгээ, бүтээгдэхүүнийг авчирч, татвар төлж, залуусыг хөгжүүлж, доллар оруулж байна. Орчин үеийн хүн төрөлхтөнд хөгжил дэвшлийг хувийн компаниуд л авчирсан.

Банкнууд, төмөр замын компаниуд, үйлдвэрүүд, Тесла, Гүүгл, Кока-Кола өнөөгийн дэлхийг бүтээсэн юм. Монголын хөгжил ч үүнээс гажихгүй. Тийм учраас бизнесменүүдийн нуруун дээр хүнд ачаа ирж байна. Бизнесмен та өөрийн ажилтнуудад ажлынх нь ач холбогдол, улс орны өмнө хүлээж буй үүрэг хариуцлагыг нь сайтар ухамсарлуулж ойлгуулдаг уу?

Буцах