Өлзийбаярын ГАНЗОРИГ

ganzo.mn

Бүртгүүлэх

Та шинэ нийтлэл бүрийг цаг алдалгүй уншихыг хүсвэл БҮРТГЭЛ-ээ баталгаажуулаарай. Нийтлэл гарах бүрт таны и-мэйл хаяг руу мэдэгдэл явуулах болно.

Хэрэв та өмнө бүртгүүлсэн бол бүртгэлтэй мэйл хаягаа оруулна уу

И-мэйл
Овог
Нэр
Хүйс
Насны ангилал
Харья дүүрэг
Хороо
Баталгаажуулах

2016-08-31  |  Нийтэлсэн: Ө.Ганзориг

СЭТГЭЛ ЗҮЙД СУУРИЛСАН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА

Хүн нэг дор 2 зүйлд зэрэг анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Танай ажилтнууд юуг анхаарч, юу бодож байна вэ? Хүний толгойд тухайн цаг үед ямар бодол эргэлдэж байгаа нь амжилтанд маш чухал. Философи болон психологийн үүднээс хүнийг тодорхойлоходоо түүний толгойд эргэлдэж байгаа бодлыг нь, тэр бодлоос гаралтай үйлдлийг нь судладаг. Ихэнх хүний нөөцийн ном энэхүү шинжлэх ухааны гүн рүү орж чадаагүй юм шиг санагддаг.

Сонинд ажлын зар гаргах, анкетаар ажилтан шалгаруулах, сургалтанд хамруулах, ажилд авах, халах, шинэ жилийн баяр зохиох төдийхнөөр танай байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаа хязгаарлагдаж болохгүй. Орчин үед Хүний нөөцийн удирдлага гэхээр Сэтгэл зүйн удирдлага гэж бодогддог болж. Өөрөөр хэлбэл энэ шинжлэх ухаан ажилтнуудын сэтгэл зүйг зөв залж чиглүүлэх тухай ярьж эхэлсэн гэсэн үг.

Энэ нь төлөвлөөд, зохион байгуулаад, хянаад болчихдог зүйл биш юм. Хүний бодол л түүний үйлдлээр илэрч гардаг. Танай ажилтнуудын толгойд ямар бодол зонхилон эргэлдэж байна вэ? Танай ажилтнууд бүтээмж муутай, хариуцлагагүй, ур чадвар сул байна уу. Танай үйлчилгээний ажилтнууд харилцагчтай бүдүүлэг харилцаж байна уу. Энэ бол тэр ажилтнуудын бодлын тусгал юм. Толгойд нь өдөр тутам, байнга эргэлдэж байгаа тэр суурь бодлыг олж мэдэх нь чухал.

Голомтбанкны хувьд энэ тал дээр тодорхой хэмжээний судлагаанууд хийгдэж байгаа юм. Бодлын алдаа буюу алдаатай бодлууд манайханд түгээмэл ажиглагддаг. Энэ нь байгууллагын бүтээмжийг бүхэлд нь үгүй хийж, үл итгэлцэл бий болгож, багийн уур амьсгалыг эвддэг. Тухайлбал манай ихэнх байгууллагад “ДЭРГЭДЭЭСЭЭ ДАЙСАН ХАЙХ СИНДРОМ” маш түгээмэл байна. Улс төрчдийг жишээлж харъя. Тэд, улс орныг хэрхэн хөгжүүлэх, иргэдээ яаж чадавхжуулах тухай, биеэ хэрхэн зөв авч явах бодож байна уу? Эсвэл зөвхөн өөрийн өрсөлдөгчид, бүлэглэл, фракцыг унагаахад л бодол санаа нь төвлөрч байна уу? Үүнтэй адил танай байгууллагад ямар яриа өрнөж байна.

Учир нь хүн бодсон зүйлээ л ярьдаг. Ярьсан зүйлээ л хийдэг. Өрсөлдөгч байгууллага ямар байдалтай байгаа, зах зээл дээр яаж томрох, харилцагчиддаа хэрхэн хүрч үйлчлэх тухай яриа болж байна уу. Эсвэл “дэргэдээсээ дайсан хайх синдром” хавтгайрсан байна уу? Хэрэв та эзэн, захирал бол таны үүрэг чухамдаа ажилтнуудынхаа бодол санааг зөв зүгт чиглүүлэхэд л оршиж байгаа юм. Дэргэдээсээ дайсан хайгаад, бүтээгдэхүүнээ сайжруулах тухай боддоггүй, өрсөлдөгчөө огт сонирхдоггүй хирнээ дэргэдэх хүнээ өөчилж суудаг хүмүүс олширвол танай бизнес сүйрнэ. Монголын боловсролын систем зөв бодол санаатай иргэдийг бэлтгэдэг болгож өөрчлөгдөх цаг нэгэнт болжээ.

Буцах